Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Мэс заслын тасгийнхан нурууны нугалмын их биеийг титан бортого (titanium mesh cage)-оор нөхөн сэргээх орчин үеийн арга нутагшуулаад байна. Улмаар нугалмын арын болон хажуугийн бэхэлгээг ч титанаар давхар хийж буй аж.
Хүнд хэлбэрийн бэртэл, тэр дундаа халдварт өвчин буюу нурууны сүрьеэ, ясны халдвар, хавдрын улмаас нугалмын их бие устах, эсвэл ясны бүтэц болон тулгуур эрхтний тогтвортой байдал алдагддаг гэнэ. Энэ тохиолдолд өвчтөнүүдийн нурууны их биеийг нөхөн сэргээх, тогтворжуулах, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцооны хүндрэлээс сэргийлэхэд дээрх мэс заслын арга нь сонгодог эмчилгээ болдог байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийнхөн “Гэмтсэн буюу өвчилсөн нугалмын их биеийг тайрч, оронд нь хүний биед харшилдаггүй, бат бөх чанартай хоосон титан бортого суулгадаг. Бортогоны доторхыг өвчтөний яс, эсвэл хиймэл эдээр дүүргэдэг. Ингэснээр ясыг барьцалдан ургахад тулгуур болдог юм. Титан бортого суулгасны дараа нугалмын арын болон хажуугийн хэсэгт шураг, бэхэлгээг давхар хийснээр нурууг механикаар тогтворжуулж, муруйхаас хамгаалах давуу талтай. Эдгээр эмчилгээний үр дүнд нугас болон мэдрэлийн ёзоор дарагдахгүй, үе мөч саажиж, өвчин хүндрэхээс сэргийлнэ” гэж ярилаа.
О.Ундрах