Конрад Аденауэрын сан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн ажлын алба хамтран Санал худалдан авахын эсрэг хуулийн төслийг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Гишүүн Ж.Баярмаа уг төслийг санаачилж, олон нийт, судлаач, нийгмийн бүлгүүдээс санал аваад дууссан байна. Таван бүлэг, 17 зүйлтэй эл төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн болон орон нутгийн өмчит газрын дарга нар зэрэг тодорхой албан тушаалтныг санал худалдан авах ажиллагаанд оролцохыг хориглосон субъетээр шууд нэрлэсэн аж. Мөн тэдний туслах, зөвлөх, найз нөхөд зэрэг “хамсаатан”-ыг тусгайлан “гуравдагч этгээд” хэмээн оруулжээ. Ингэснээр жагсаалтад багтсан бүх субъектийн санал худалдан авахтай холбоотой материаллаг болон бус олон оролдлогыг бүрмөсөн, хугацаа заалгүйгээр хориглож өгсөн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд санал авах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, нийтийг хамарсан спорт, урлагийн арга хэмжээ, аялал, эмнэлгийн үйлчилгээ зэргийг явуулахыг хориглосон байдаг. Гэхдээ энэ заалт зөвхөн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс үйлчилнэ. Бусад хугацаанд нь УИХ-ын гишүүд, улс төрчдөд энэ бүхнийг “зөвшөөрсөн” гэсэн үг. Тиймээс ч гишүүд бүрэн эрхийнхээ бусад хугацаанд баяр бүрээр тойргийнхоо сонгогчдыг “усалдаг” уламжлал тогтсон. Энэ нь шударга сонгууль явуулах, бүх эрх мэдэл ард түмний гарт байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж буй үйлдэл юм. Тиймээс үүнийг засъя гэжээ.
Мөн одоогийн хуульд санал худалдан авах оролдлого хийсэн бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор заасан. Тэгсэн атлаа УИХын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хууль гишүүдэд хамаарахгүй байхаар зохицуулчихсан. Тиймээс Ж.Баярмаа гишүүн төсөлдөө энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх, улмаар УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болгохоор заажээ. Түүнчлэн эрх барьж буй намынхан Засгийн газар, төрийн болон орон нутгийн өмчит газрууд, төрийн албыг сонгуульдаа ашиглаж, төсвийн мөнгөөр үүнийгээ санхүүжүүлдгийг зогсоох ёстой гэсэн байна. Үүний тулд сонгууль болохоос 24 сарын өмнө УИХ болон Засгийн газраас мөнгө тараах, халамж олгох зэргээр сонгогчдын тодорхой бүлэгт болон нийтийг хамарсан санал худалдан авах агуулгатай шийдвэр гаргахыг хоригложээ. Энэ талаар төсөл санаачлагч “Энэ төрлийн хэргийг хариуцан мөрдөж шалгах байгууллага олддоггүй юм байна. Санал авах зорилгоор үйлдэж буй хэргийг олон улсад сонгуулийн авлига гэж үздэг. Тиймээс бид АТГ-т хариуцуулахаар тусгасан” гэв. Тэрбээр ирэх долоо хоногт УИХ дахь бүлэгтээ төслөө танилцуулах бөгөөд хэрэгжүүлэх хугацааг нь 2027 он байхаар тусгасан аж.
С.Уул