Үе үеийн Засгийн газрын сайд, дарга нар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахын тулд их, дээд сургууль болон зах, худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэн шилжүүлнэ гэж ёс юм шиг улигласаар ирсэн. Харин сүүлийн жилүүдэд бүсчилсэн хөгжил, хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, түгжрэл, төвлөрлийг задлах нэрийдлээр төрийн захиргааны байгууллагуудыг ийш тийш нүүлгэж тоглодог моод дэлгэрүүлэв. Хамгийн гол нь төр засгийн бодлого, төлөвлөгөө ярьж нүүлгэсэн байгууллагуудаа тогтвор суурьшилтай ажиллах нь байтугай төвхнөж ч амжаагүй байхад нь дахин нааш цааш болгож, төсөвт дарамт, иргэд, аж ахуйн нэгжүүдэд төвөг чирэгдэл учруулсар байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хотын төвд төвлөрсөн төрийн захиргааны томоохон байгууллагуудыг шинэ суурьшлын бүс (Яармаг) рүү шилжүүлэх замаар нийслэлийн хөл хөдөлгөөнийг сааруулж, түгжрэлийг бууруулах санаачилгыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 онд гаргасан. Энэ нүүдлийг нийслэлийн ЗДТГ-аар эхлүүлж, хотын захиргааг Яармаг дахь “Шинэ Хангарди” ордон руу шилжүүлсэн билээ. Энэ шийдвэр иргэдийг хэрхэн чирэгдүүлж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байсныг уншигчид мэднэ. Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын)-ыг 2023 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Яармаг дахь Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн байр луу нүүлгэсэн юм. Гэвч тус яамныхан тэнд хоёр жил ч бололгүй хуучин байрандаа буцаж ирсэн. Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийг санхүүжүүлж, бариулсан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ынхан уг барилгыг зориулалтынх нь дагуу ашиглах шаардлагыг манай талд хэдэнтээ тавьснаар Засгийн газар аргагүйдэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг хотын төв рүү нүүлгэх шийдвэр гаргасан юм билээ. Улмаар тус яамныхан олон улсын байгууллагын шахалт, шаардлагаар албажсан шийдвэрээр 2024 оны аравдугаар сард Яармагаас нүүж, Засгийн газрын XII болон Цаг уур, орчны шинжилгээний газрын байранд хуваагдан байршиж байгаад, өнгөр сөн жилийн наймдугаар сард л хуучиндаа буюу Засгийн газрын II байранд бүрмөсөн ирж төвхнөсөн юм.
Үндсэндээ Засгийн газар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргахдаа зориулалтын байр сууцаар хангаагүйгээс, үүнээс үүдэлтэй ямар хүндрэл бэрхшээл үүсэж болохыг тооцоолж, төлөвлөөгүйгээс ийм нөхцөл байдал үүсжээ. Улмаар яамныхныг хоёр хүрэхгүй жилийн хугацаанд гурвантаа нүүлгэж, өөрсдөө ч олон улсын байгууллагын өмнө ичгэвтэр байдалд оржээ. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ныхан өдгөө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны замналаар хуучин бууриа эргэцгээж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” дахь “Хот, хөдөөгийн сэргэлт” болон бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд ХХААХҮЯ-ыг Дархан-Уул, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн)-ыг Орхон аймаг руу нүүлгэх саналыг Засгийн газраас 2024 оны намар гаргасныг УИХ дэмжсэн. Улмаар хөдөө аж ахуйн төрийн захиргааны төв байгууллагыг тухайн онд багтаан орон нутаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг албажуулснаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр үүнийг гардан гүйцэтгэсэн гэхэд болно. Тиймээс түүнийг “Хариуцсан яамаа тойрог руугаа шилжүүлсэн анхны сайд”, “Далд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд төрийн яамыг нутагтаа аваачлаа” гэх зэргээр шүүмжилж байв. Угтаа энэ нь Засгийн газрын санал, парламентын тогтоолоор баталгаажсан шийдвэр байсан ч салбарын сайд нь яаравчлан хөдөлж, хөнгөн хуумгай хандсан тал бий.
ХХААХҮЯ-ыг орон нутаг руу нүүлгэн шилжүүлэхэд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүний 1.4 тэрбумыг нь нүүх, төвхнөх зэрэг ахуйн зардалд, үлдсэнийг нь орон нутагт шилжин суурьшиж буй төрийн албан хаагчдын цалин, урамшуулал, дэмжлэгт зарцуулсан юм билээ. Мөн яамны ажилтнуудыг орон байртай болгож, нийгмийн баталгааг нь хангахаар төсвөөс 3.1 тэрбум төгрөг гарган, гурван хувийн хүүтэй зээлд хамруулсан гэдэг. Ингээд тус яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Хөдөө аж ахуйн корпорац”-аас эхлээд газар, хэлтсүүд нь Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын шинэ байрыг булаан төвхнөцгөөсөн. Хэдийгээр Засгийн газар өнгөрсөн хугацаанд үүнийг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжсэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан, бүс нутгийн хөгжилд нэмэртэй үлгэр жишээ шийдвэр гэдэг өнцгөөс сурталчилж, сайн сайхан, болж бүтэж буй талаас нь мэдээлж ирсэн ч хөдөө аж ахуйн яамныхан сүүлийн хоёр жилд отрын айл шиг л ороо бусгаа, тархай бутархай ажиллаж ирлээ. Алба хаагчдыг нь тогтоон барих зорилгоор цалин, урамшуулал, байр сууц олгосон ч хотод байран суурин амьдрахыг илүүд үзэж, ажлаасаа гарсан нь ч цөөнгүй гэх. Уурхайн ээлжийн ажилтнуудын хэмнэлээр хот хооронд “явж суудаг” маягаар хэсэг хугацаанд амьдраад залхаж, халширсан нь ч бий аж. Ингээд хүний нөөцийн тогтвортой бодлого, амьдран суух, ажил хөдөлмөр эрхлэх газар орноо чөлөөтэй сонгох эрх, эрх чөлөөнөөс эхлээд ажиллах орчин нөхцөл, бүтээмж гээд олон бэрхшээл энэ салбарт хөндөгдөж явсаар өдгөө тус яамныхан Улаанбаатарт эргэн төвхнөцгөөж буй бололтой.
Саяхнаас “ХХААХҮЯ-ны ажилтнуудын 90 хувь нь Дархан-Уул аймгаас хот руу нүүжээ” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй нь таамаг, төсөөлөл төдий зүйл биш аж. Ж.Энхбаярын дараа ХХААХҮ-ийн сайдаар ажилласан М.Бадамсүрэн төр засгийн бодлогогүй шийдвэрээс болж хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд болон ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй бэрхшээлүүдийг ил тод ярьж, шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагыг буцаан нүүлгэх асуудлыг ч хөндөж байв. Улмаар түүнийг сайдын албан тушаалаас буухаас өмнө (өнгөрсөн хавар) тус яамны дэргэдэх “Хөдөө аж ахуйн корпорац”- ынхан сандал, ширээгээ ачаалаад, хот руу буцаж ирцгээсэн юм. Тэгвэл бусад нь ч тэдний араас уварч цувран ирсэн сурагтай.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэ асуудлаар тодорхой байр суурь, тоймтой мэдээлэл өгөхгүй байгаа ч өөрөө Улаанбаатар хотод байран суурин ажиллаж буй. Түүнийг дагаад тус яамны удирдлагын бүтэц тэр чигтээ нийслэлд чимээгүйхэн төвхнөөд буйг эх сурвалж хэлэв. Их хэмжээний зардал чирэгдэл болж байж нүүдэл суудал хийлгэсэн учраас нийгмийн шүүмжлэлээс болгоомжлох хандлага аль аль талд буйг учир мэдэх хүмүүс ярьж байна.
Тус яамыг орон нутаг руу нүүлгэх ажлыг манлайлан хэрэгжүүлсэн, одоогийн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ч хэдхэн хоногийн өмнө “Хөдөө аж ахуйн корпорац, бирж, малын удмын сан, ургамал хамгааллын агент зэрэг мэргэжлийн, гол байгууллагууд нь Дархан-Уул аймагт үлдсэн. Яамыг бүхэлд нь нүүлгээд, Улаанбаатарт аваад ирсэн юм биш. Зөвхөн удирдлагын түвшний газрууд нь эргэж ирсэн юм билээ. Бодлогоо хэрэгжүүлж байгаа сайдын эрх мэдлийн хүрээний асуудал учраас надаас биш, Ц.Идэрбатаас “Та яагаад газар тариалангийн төв бүсэд ажиллахгүй байгаа юм бэ” гэж асуу” гэхчлэн даналзана лээ. Энэ бол ХХААХҮЯ-ныхан бараг бүгд хотод буцаж ирснийг батлах баримт юм.
Энэ мэтчилэн манай сайд, дарга нар төрийн яам, агентлагуудыг дураа хүрэхээр нутаг зааж, дургүйгээ хүрэхээр буцааж авчирдаг тоглоомын бүтэц болгож хувиргаад байна. Төрийн захиргааны нэг байгууллагыг нүүлгэж, төвхнүүлэхэд ямар их зардал чирэгдэл гардгийг ХХААХҮЯ-ны жишээнээс харж болно. Энэ бол төрийн бодлогын залгамж халаа шат шатанд алдагдсаны, манай сайд, дарга нар ямар хөнгөн хуумгай, омтгой мөчид шийдвэр гаргадгийн бодитой жишээ юм. Хамгийн харамсалтай нь, энэ болгонд татвар төлөгчид та, бидний хөлс, хүчээ урсган байж улсад төлсөн мөнгө үр ашиггүй урсаж, нөөц боломж хязгаарлагдсаар байна. Хамгийн тогтвортой ажиллаж, төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, иргэдэд үйлчлэх ёстой байгууллагууд ч чиг үүргээ гүйцэлдүүлж чадахгүйд хүрэв.
ХХААХҮЯ-ыг орон нутаг руу нүүлгэснээр тус салбар өнгөрсөн онд түүхэнд байгаагүйгээр үр ашигтай ажиллаж, улсынхаа эдийн засагт өндөр өгөөж үзүүлсэн гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ярина лээ. Тэгвэл түүний “удирдан”, зохион байгуулсан нүүдэл суудлаас үүдэлтэйгээр хөдөө аж ахуйн салбарт ямар гарз хохирол, бодитой эрсдэлүүд нүүрлэснийг ч тоо баримтаар ярих хэрэгтэй болов уу.
Н.Мишээл