Өдөр бүр алхах нь биеийн эрүүл мэндэд тустайгаас гадна шөнийн нойрны чанарт ч эергээр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Сайн унтахын тулд заавал эрчимтэй дасгал хийх шаардлагагүй бөгөөд өдөр тутмын хөдөлгөөнөө нэмэгдүүлэхээс эхэлж болох нь.
“Sleep medicine” сэтгүүлээс гаргасан “Насанд хүрэгчдийн өдөр тутмын алхалт ба нойр” судалгааны үр дүнд тогтмол олон алхдаг хүмүүс илүү чанартай унтаж амрахаас гадна өдрийн цагаар ядрах, ажил амьдралын хэмнэл алдагдахаас сэргийлж чаддагийг тогтоосон аж.
Мөн өдөр тутмын алхалтын тоог нэмэгдүүлэх хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн нойрны асуудал багассан нь судалгааны нэгэн чухал үр дүн байв. Тодруулбал, ийм хөтөлбөрт хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад тэдний нойргүйдэх асуудал 30 орчим хувиар буурсан гэнэ. Нойрны чанарт стресс, өдөр тутмын дэглэм, эрүүл мэнд зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс алхах нь нойрны бүх асуудлыг шийдэх шидэт арга гэж үзэхээс илүүтэй сайн амрахад дэмжлэг болох энгийн дадал хэмээн ойлгох нь зүйтэй.
У.Цэцэг