Монгол хэлэнд “хий бие, хийсгэлэн дүр” хэмээх өвөрмөц хэлц бий. Үүнийг уламжлалт бөө мөргөл, онгодын дуудлагад өргөн хэрэглэдэг бөгөөд нэгдүгээрт, далд ертөнцөд орших сүнслэг биеийг дүрслэхэд, хоёрдугаарт, агаар мэт барьцгүй, үнс мэт хувирамтгай чанарыг зэрэгцүүлэн илэрхийлэхэд голдуу ашигладаг. Үндсэн буюу шууд утга нь бодитоор оршдоггүй, хийсвэр, барьцгүй зүйлсийг илэрхийлнэ. Оюутан ахуй цагийн аман зохиол, хэл бичгийн хичээлээс ой тойнд торойж үлдсэн эл үгийг энд ийнхүү тайлбарлахад хүрсэн нь нийслэл Улаанбаатартай зэрэгцэн оршоод долоон жил гаруй болж буй хоосон хотын тухай хөндөх гэж байгаатай холбоотой. Энэ бол “Шинэ Зуунмод” нэрээ “Хүннү” болгож хувиргасан хот. Нэг ч оршин суугчгүй, орон сууц, барилга, байгууламжгүй мөртлөө төсвөөс тэрбум, тэрбумын санхүүжилт авч, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн, цаасан дээрх төлөвлөгөөгөө баяжуулсаар буйг хий бие, хийсгэлэн дүртэй хэмээн зүйрлэхээс яах билээ.
2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр “Хархорум хот” олны анхаарлын төвд оров. Орхоны хөндийд байгуулахаар төлөвлөсөн ч өдгөө макет зурагнаас өөр олигтой бүтээн байгуулалтгүй, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь ч шийдээгүй хоосон хотод зориулж 7.4 тэрбум төгрөг хуваарилан, ажлын зөвлөл нэртэй шинэ бүтцэд олон арван саяын урсгал зардал төсөвлөсөн нь нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулснаар “Шинэ Хархорум” төсөл “гэрэл цохилоо”. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөсөн “Хүннү хот”-д 2019 оноос эхлэн улсын төсвөөс мөнгө хуваарилж, бүтээн байгуулалтыг нь эрчимжүүлэх нэрээр баахан орон тоо, шаардлагагүй бүтэц угсраад байна.
Засгийн газар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааг 2021 онд байгуулж, үүний бүтцэд багтсан 10 гаруй хүнийг дөрвөн жил төсвөөс цалинжуулж ажиллуулаад татан буулгасан. Улмаар 2024 онд Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, дараа жил нь Хүннү хотын Захирагчийн ажлын алба хэмээх нүсэр бүтэц, “Хүннү хотын хөгжлийн корпорац” гэх хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан юм. Тус Захирагчийн ажлын алба гурван дарга, 11 хэлтэс, нийт 61 хүний орон тоотой бол хөгжлийн корпорац нь нийслэл, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ-ийн есөн гишүүн, гүйцэтгэх захиралтай. Үндсэндээ анх 10 гаруй хүний орон тоотой байсан Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан захиргааг Захирагчийн ажлын алба болгон өргөжүүлэхдээ ажиллагсдынх нь тоог зургаа дахин нэмээд зогсохгүй хөгжлийн корпорац нэмж “зурсан” юм. Тэгвэл өдгөө үүн дээр Хүннү хотын зөвлөл хэмээх бас нэгэн шинэ бүтэц нэмэгджээ.
Тус зөвлөл нь “Хүннү хот”-ын эрх зүйн байдал, төлөвлөлт, хөрөнгө оруулалт зэргийг хэлэлцдэг удирдах бүрэлдэхүүн юм байна. Зөвлөлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч (хотын зөвлөлийн дарга) удирддаг бол бүрэлдэхүүнд нь орон нутгийн засаг захиргаа, холбогдох яам, агентлагийн төлөөллийг багтаажээ. Ингээд харвал Хөшигийн хөндий дэх “Хүннү хот”-ын харьяанд өдгөө багадаа 80 орчим хүн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжин ажиллаж байна. Ил харагдаж байгаа нь буюу Засгийн газраас бүтэц, орон тоог нь баталж, төрийн албаны зөвлөлөөс баталгаажуулсан нь энэ юм. Үүний цаана далд, “давхар дээл”-тэй ажиллаж буй хэчнээн хүн байгааг таашгүй. Олон улсаас туршлага судлах, зөвлөх үйлчилгээ авах нэрээр гаргадаг түр орон тоог оруулбал эл тооцоо 100-г өлхөн давах нь.
Төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хариуцсан, үүнд гар бие оролцдог хүний тоо нэмэгдэхийн хэрээр бүтээмж сайжирч, үр дүн гарах ёстой. Гэтэл Шинэ Хархорум, Хүннү хот байгуулах ажлын үйл явц, үр дүн эсрэг дүр зурагтай байна. Ялангуяа Хархорумаас гурав орчим жилийн өмнө ажлыг нь эхлүүлсэн гэх “Хүннү хотын бүтээн байгуулалтын төсөл” дэндүү налгар назгай, удаашралтай буй. Энэ хооронд тус төсөлд хуваарилсан татвар төлөгчдийн мөнгөний тоолуур цаг, минутаар гүйсээр, үнэ цэн нь улам бүр алдарсаар.

2025 онд Хүннү хотын Захирагчийн ажлын албаны зөвхөн урсгал зардалд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2026 онд 3.7 тэрбумыг хуваарилсан. Харин ирэх оны төсөвт дөрөв орчим тэрбумыг суулгаад буй гэх. Үүнээс гадна барилга, байгууламж барих, инженер, зам, дэд бүтэц, эрчим хүчний нэгдсэн сүлжээ тавих, хотын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон он дамнан сунжирсан ажилд жил болгон улсын төсвөөс тэрбум, тэрбумыг төсөвлөсөөр өдий хүрсэн. 2024 онд гэхэд бүтээн байгуулалтын ажилд нь 54 тэрбум төгрөг төсөвлөсөн баримт бий.
Өнөө жил “Хүннү хот”-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах ажилд зориулж нийслэлийн төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан юм билээ. Одоогоор хотын ерөнхий төлөвлөгөө, урт хугацааны хөгжлийн концепц, эдийн засгийн тооцоолол бүхий баримт бичгүүдийг эцэслэн баталсан ч авто зам, дэд бүтцийн ТЭЗҮ, зураг төсөл нь бэлэн болоогүй байна. Тодруулбал, нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээлснээр хотын дотоод болон гадаад холболтын дэд бүтцийн нарийвчилсан зураг төсөл, 127.4 км авто замын ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа аж. Эндээс Хүннү хотын бүтээн байгуулалтын гэх төслийн ажил хэр зэрэг удааширч, улс, нийслэлийн төсөвт, илүү тодруулбал, татвар төлөгч та, бидэнд ямар их хэмжээний дарамт учруулж буй нь харагдана.
Монгол Улс нөөц баялаг, хөрөнгө мөнгөгүйдээ биш, төр засгийн баярхал, үрэлгэн зардлаас болж эдийн засгаараа хямарч буй гэдэг нь юутай үнэн бэ. Уг нь олон улсын нөхцөл байдал тогтворгүй, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүд микро эдийн засагт ч сүүдрээ тусгаж эхэлсэн энэ үед төсвийг илүү амьдралд ойр, бодитой ажлуудад хуваарилж, иргэдийн ахуй амьжиргааг дэмжих учиртай. Гэтэл манай Засгийн газар болон Хүннү хотын дарга, даамлууд “Хувийн хэвшил, бизнес эрхлэгчид Монголыг сонирхож, хөрөнгө оруулах угтвар нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Хөшигийн хөндийн цэвэрлэх байгууламж, ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ зэрэг суурь дэд бүтцийг улс, нийслэлийнхээс түрүүлж шийдэхээс өөр аргагүй” хэмээгээд хоосон талд баахан шав тавьж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглосоор байна. Энэ зах замбараагүй зарцуулалт, муйхарлал хаана хүрч зогсохыг мэдэхгүй.
Хүннү хотын Захирагчийн ажлын алба, “Хүннү хотын хөгжлийн корпорац”-ынхан ажил хийж буй мэт харагдах гэж ихэд зүдэрцгээж байх шиг. Өөрсдөд нь огт хамаагүй, хувийн хэвшлийнхний хийсэн ажлыг хүртэл хотын захиргаандаа хамаатуулж, олон нийтийг төөрөгдүүлэх болов. Тухайлбал, “Хүннү эйр” компани өнгөрсөн сарын сүүлчээс УлаанбаатарДели чиглэлд нислэг үйлдээд эхэлмэгц “Зүүн хойд Азийн тээвэр логистикийн төв болох зорилгын хүрээнд Хүннү хот-Шинэ Дели чиглэлд шууд нислэг нээлээ” гэхчлэн сурталчилж эхэллээ. Тэднийхээр бол “Чингис хаан” нисэх буудалд хөөрч, бууж буй онгоц болгон “Хүннү хот”-ын агаарын замыг ашиглаж, хүнгүй хот руу зорчигч тээвэрлэдэг юм байх. Тэрчлэн саяхан нээсэн Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Багахангай-Хүннү хот-Эмээлтийнх хэмээн хүчээр өөрсдөдөө “нааж” хамаатуулж байна. Гэтэл бодит байдалд өнөөх хот нь төсөөллийн төлөвлөлтөөс хэтрэхгүй долоон жил боллоо. Дарга нар л тус хотыг байгуулахаар төлөвлөсөн талбайд элдэв байшин, барилга зурж үзүүлээд байгаагаас биш, тэнд өдгөө “Чингис хаан” нисэх онгоцны буудал, үерийн хамгаалалтын суваг, далан, дэд станцын араг яснаас өөр зүйл ер байхгүй. Олон улс, улсын чанартай зам тавьж ч чаддаггүй, санхүүжилт, газрын асуудлыг нь шийдээд өгсөн төсөл, хөтөлбөрийг хүртэл урагшлуулж хүчирдэггүй улсыг эзгүй талд хот байгуулна гэдэгт итгэж, жил бүр их хэмжээний хөрөнгө мөнгө төсвөөс хуваарилна гэдэг айхавтар их зориг, тэнэглэл биш гэж үү.
Н.Мишээл