ОХУ-ыг дизелийн түлш худалдах, тээвэрлэх, гадагш гаргахыг хориглосон шийдвэрээ АНУ наад зах нь ирэх оны дөрөвдүгээр сарын 7 хүртэл түр цуцалж буйгаа Дональд Трамп, Владимир Путинтэй энэ сарын эхээр утсаар ярьсныхаа дараа зарлалаа. Орос улс дэлхийн болон АНУ-ын зах зээлд даруй 300 мянган тонн дизелийн түлш, ирэх сард 500 мянган, дараа нь нэг сая тонныг нийлүүлнэ гэж тэрбээр мэдэгдэв. Түүний хэлснээр тун ойрын хугацаанд нефть боловсруулах үйлдвэрүүдийнхээ чадлаас хамаарч Москва гурван сая тонныг нэмж нийлүүлэх аж. Нефть, нефтийн бүтээгдэхүүнийг АНУ-ын болон дэлхийн зах зээлд нийлүүлэхэд ОХУ бэлэн буйг Кремль нотлоод энэ алхам дэлхий дахины эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болох юм хэмээн мэдэгдэв. Дизелийн түлшний экспортод тавьсан хязгаарлалтаа даруй цуцална гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлсэн байна. Дизелийн болон хөлөг онгоцны түлш гадагш гаргахад ОХУ энэ сарыг дуустал хориг тавиад байсан нь АНУ, Израил болон Ираны хоорондын зөрчил тэмцэл дэлхийн эрчим хүчний зах зээлийг доргиосонтой холбоотой байсан юм.
Ойрх Дорнодод үйлдсэн түрэмгийлэлд АНУ оролцсоноор дэлхийн олон улсад түлштэй холбоотой хүндрэл үүссэн. Тиймээс АНУ аргагүйн эрхэд Орост тавьсан хоригоо цуцалж, Орос ч уг шийдвэрийг уухайн тас хүлээн авч нийлүүлэх түлшний хэмжээг сард гурван сая тонн болтол нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Оросын түлшийг дэлхийн зах зээлд гаргахаар болсонд АНУ-ын дотоодод болон Өрнөдийн орнууд, Украин шүүмжлэлтэй хандаж буй. Ерөнхийлөгч Зеленскийн хэлснээс үзвэл, дайныг шатлан өргөжүүлэхийн эсрэг тохиролцоогүйгээр Оросын эсрэг хоригийг сулруулах нь “яалт ч үгүй сул байгаа”-гийн шинж. Нефть бүтээгдэхүүнээ худалдахыг Орост зөвшөөрсөн нь дайнд оруулж буй хөрөнгө, үүнийг сунгах биш зогсоох хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ. Тухайлбал, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн үзэж буйгаар Оросын эсрэг тавьсан хоригооо сулруулж буй аливаа үйлдэл нь “ялт ч үгүй сулралын” илрэл. Путинд өгч буй бэлэг нь соёлын ч, энх тайваны ч эрх ашигт ч тусгүй. Дизелийн түлшний төлөө Орос улс алан хядах ажиллагаа, олиггүй үйлдлээрээ л хариу барина. Нефтийн бүтээгдэхүүнээ худалдахыг Орост зөвшөөрсөн нь дайныг төгсгөхөд бид үргэлжлүүлэхэд оруулж буй хөрөнгө гэж Зеленский нэмж хэлсэн байна.
Америкийн Сенатын хэсэг гишүүн түлшний наймаанаас татгалзахыг Цагаан ордонд уриалав. АНУ-д завсрын сонгууль хаяанд ирээд байгаа болохоор Дональд Трамп Ойрх Дорнодод явуулсан бодлогоос нь үүдэн асуудал үүсээд байгааг хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй болчхов. Тиймээс бий болсон нөхцөл байдлын хариуцлагыг ОросУкраины хямралд тохохыг оролдож байгаа.
Орос улс дизелийн түлшний томоохон экспортлогч байсаар ирсэн юм. Орос, Украины өнөөгийн байдал хийгээд Өрнөдийн өдөөн хатгалгын уршгаар дэлхийн зах зээлд, түүний дотор АНУ-д дизелийн түлшний үнэ өссөн. Өссөн үнийн тавны нэг орчим хувь нь Оростой, үлдсэн нь Иран хийгээд Ормузын хоолойтой холбоотой болоод байв. Түүний зэрэгцээ Өрнөдийн тусламжгүйгээр Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдэд Украин цохилт өгч чадахгүй юм. Гэтэл дэлхийн зах зээлд Орос түлш нийлүүлснээр үнийг нь бага ч болов хямдруулна хэмээн Дональд Трамп үзлээ. Энэ горьдлого ч талаар болсонгүй, түлшний үнэ 3-5 хувиар унаж, нефть ч хямдарч эхлэв.
Цаашдаа түлшний үнэ хөдлөх, эсэх нь Ормузын хоолойн байдлаас шалтгаална. Тэнд байдал аюултай байгаа. Арабын нефть, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж буй хөлөг онгоцуудыг Америкийн тал хамгаалж буй ч Иран тэдгээрт цохилт өгч, зарим нь усанд тавьсан тэсрэх төхөөрөмжид өртөж байна. Ер нь хэл амаа ололцоход Тегеранаас Москва нь Вашингтонд хялбар байх шиг. Бий болсон нөхцөл байдлаас гарахад Оростой дизелийн түлшний талаар тохиролцох нь Трампад дөхөм байна уу ч гэлтэй. Гэтэл дотоодод үнийг нь тогтоохын тулд нефтийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах нь үр дүнтэй байсан юм биш үү гэх маргаан АНУ-д хурцдаж байна. Тэгвэл Дональд Трамп нефтийнхээ аж үйлдвэрийн эрх ашгийг лоббидогч улс төрчдийн талд байгаа юм. Түүнээс гадна 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл тусгай зөвшөөрөл олгосноор Трамп гараа хүлүүлчхээд байгаа юм биш, хүсвэл сунгана, эс хүсвэл хугацааг нь богиносгоно. Орос ч ялгаагүй, түлш экспортлох Засгийн газрын шийдвэрийг цуцалж ч болно, сунгаж ч болно. Тийм болохоор дизель түлшний талаарх тохиролцоо нь эрчим хүчний салбарт ч, улс төрийн хувьд ч Орос-Америкийн харилцааг цаашид нааштай хөгжүүлэх баталгаа биш юм.
Оросын дизелийн түлшний экспортод тавьсан хоригоо Ерөнхийлөгч Трамп хэсэгчлэн цуцалсныг АН-аас Сенатад сонгогдсон Ричард Блюменталь “Биднийг Украины эсрэг Оросын дарангуйлагч Путиний өдөөсөн дайнд оролцогч болгочихлоо” гэж үзсэн. “Ийм маягаар Иранд хийж буй дайныхаа хор уршгийг далдлахыг Трамп хичээж байна. Гэтэл энэ шийдвэр нь Хятад, Оросын эдийн засагт ашиг өгч Украины энгийн иргэдийг үхэлд хүргэнэ. Манай үндэстний нэр хүндэд хар толбо болж үлдэнэ” гэж тэрбээр онцолжээ.
Эрчим хүчний үүсвэрийг гадагш нь гаргаснаас олох нэмэлт орлого нь Украины эсрэг дайнаа Орос үргэлжлүүлэхэд тус болно гэж Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон нийгмийн сүлжээндээ бичсэн байна. Америкийн хэрэглэгчдийн мөнгөөр Оросын дайныг санхүүжүүлэхэд Вашингтон хувь нэмрээ оруулж байна хэмээн тэрбээр үзэж буй аж. Оросын нефть, хий дэлхийн зах зээлд эргэж ирэхийг хүсэж буй юм бол эрх чөлөөт, тусгаар тогтносон Украинтай хийж буй дайныг зогсооё” гэж Жонсон мэдэгдэв.
Энэ сарын 9-нд Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныхаа дараа Трамп Орос, Украин хоёр эрчим хүчний эвлэрэлд хүрлээ. Энэ шийдвэр даруй хэрэгжинэ хэмээн нотолсон байна. Үүнийг нь эрчим хүчний дэд бүтцэд бүхэлд нь цохилт өгөхөө түр зогсоосон биш, зөвхөн нефть дахин боловсруулах заводод л хамаатай гэж талууд ойлгох ёстой болох нь хэвлэлийн мэдээнээс илт болов. Бас Трамп л ийн яриад байгаа болохоос биш, Москва, Киевийн аль нь ч одоогоор ийм үүрэг аваагүй гэж “Axios”-ын сэтгүүлчид тэмдэглэсэн байх юм. Ерөнхийлөгчийнхөө тавьж буй зорилтыг биелүүлэхийн тулд оросууд “цэргийн тусгай ажиллагаагаа” зогсоогоогүй байгаа. “Эрчим хүчний эвлэрэл” бий болсныг Зеленский мэдээ ч үгүй байв гэх мэдээлэл бий. Москва ч “эвлэрэл”-ийг нотлоогүй хэмээж буй. Харин Орос л Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоовол Украин мөн болиход бэлэн гэж Владимир Зеленский мэдэгдсэн байна лээ.
Сүүлийн долоо хоногт ОХУ-ын арми Украин руу агаарын 1450 бөмбөг, 75 пуужин, 1640 гаруй дроноор довтолсныг Зеленский бас хэлсэн байна. Оросын тал 60 өдөр гал зогсоохыг зөвшөөрвөл Украин Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад бэлэн гэж тэрбээр ABC news агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
Р.Жаргалант