Г.СОНИНБАЯР
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарын Дулмаагийн мэндэлсний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ард түмэндээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн хүндлэгдэн хайрлагдсан энэ эрхэмсэг найрагчийн тухай дурсамж хөргийг толилуулж байна.
БАГШИЙНХАА ХИЧЭЭЛД НАСААРАА СУУСААН, БИД
...Утга зохиолын дээд сургуулийн оюутан болсон өдрөөсөө л Шагдарын Дулмаа багшийн хичээл хэд дэх өдөр орох бол гэж догдолж билээ. Хүлээсэн өдөр ирж уран чадварын хичээл орох боллоо. Дугуй цэмбэн малгайг хээнцэрхэн духдуулж, гоёмсог ширэн цүнх сугандаа эгэлдрэглэсэн, урт савхин хүрэмтэй цэмцгэр ганган эмэгтэй намуухан алхсаар ангид орж ирэв. “За, хүүхдүүд минь...” гэсээр багш яриагаа эхэлж билээ. Нэр сүртэй том зохиолчоос айн сүрдэх сэтгэгдэл тэр дороо л алга болж, зөөж тавьсан зөөлөн дулаахан үгсийг нь шимтэн сонсож суусан сан. Багш “Хүүхдүүд минь”, “Миний хүүхдүүд” л гэнэ. Бүр нэг сэтгэлээсээ тэгж хэлдэг. Насан өндөр болсон хойноо ч гэсэн хэдийн 40, 50 насны босго алхчихсан “хөгшин” шавь нар биднийхээ араас санаа тавьж, нэгбүрчлэн асууж сураглан, өнөө л зөөж тавьсан зөөлөн дулаан үгсээрээ урам хайрлаж, “Миний хүүхдүүд” гэж л суудаг сан.
Шинэхэн оюутан бид нэг л мэдэхэд Шагдарын Дулмаа багшийнхаа гэр орноор орж гардаг, зарим нь бүр тэднийд амьдардаг, Ганболдынх гэдэг тэр сайхан айл нэг ёсондоо бидний хоёр дахь гэр болчихсон байж билээ. Багшийн минь хань нэрт жүжигчин Энэбишийн Ганболд гэж хүний хайлан болсон сайхан эр байлаа. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киноны Гэлэг хошууч, “Ичээнд нь” киноны Дагдан, “Анхны хайрын дууль”-ийн Дандий гээд дэлгэцнээ олон сайхан дүрүүд бүтээсэн жүжигчин. Ганболд ахын гарын хоолны амтанд орж, Дулмаа багшийнхаа яруу найраг, яруу найрагчдын тухай ярианд автан суусаар оройтож, сүүлчийн автобустай уралдан харих удаа цөөнгүй. Хэн нэгэнд нь хүндрэл бэрхшээл тулгарахад багшийндаа л гүйгээд очно. “Болор цом”, “Цагаан уул” зэрэг найргийн наадамд түрүүлж, айрагдсан нэгнийхээ баярыг хуваалцах гээд багшийнх руугаа л давхиад очицгооно. “Ялалт” кино театрын арын хуучны угсармал байрны хоёр дугаар давхрын тэр бэсрэгхэн хоёр өрөө байр зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучид, жүжигчид, киноныхон гээд урлаг, соёлын одод, оюутан залуусын хөл хөгжөөн, инээд наргиан бялхсан далай цагаан өргөө байв.
Ингэж л бид хаан найргийн хатан суудалд заларсан Шагдарын Дулмаа багшийнхаа шавь болж, “Монгол тууж”-аар овоглосон Ширсэдийн Цэнд-Аюуш захиралтай Утга зохиолын дээд сургуулийн гэгээн танхимд оюутан ахуйн он жилүүдээ дуу шуутай, шүлэг найрагтай, дурсамж дүүрэн үдсэн билээ. Бид их сургуулиа төгсөн аж амьдрал, уран бүтээлийн замд хөл тавьцгаасан ч Шагдарын Дулмаа багшийнхаа ур чадварын хичээлд насан туршдаа сууж, уран бүтээлч байх, хүн байхын ухааныг заалгасаар, буурал багшийгаа насан элтэл нь нөмөр нөөлөгт нь байж өдий зэрэгт хүрсэн юм. Бидний багш Монголын яруу найргийн өргөөнд хатан суудалтай найрагч, харин шавь бидэндээ бол халуун дулаан сэтгэлтэй өрлөг ижий нь байлаа.
БОГДЫН ШАВЬ БОЛСОН ХӨЛӨНБУЙРЫН БАРГУУДЫН УДАМ
Багш өөрийнхөө тухай тэр бүр яриад байдаггүй. Бид ч асууж лавлах ухаангүй л явжээ. Харин хожим багшийгаа 90 насны өлзийт босго давах дөхсөн үед нь л дурсамжийн номыг нь бичих санаа төрж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч О.ЦэндАюуш маань тэр хүндтэй үүргийг хүлээсэн юм. Номын редакц ч байгуулагдаж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, яруу найрагч Д.Оюундэлгэр, Ш.Анхтуяа бид зорин очиж, Дулмаа багшаараа дурсамж хууч яриулж билээ. Бүтэн өдрийн хуучаас нь шүр, сувд мэт сонин содон бөгөөд ховор нандин дурсамж дурдатгалыг нь шүүрдэн хэлхвээс нэгэн боть болно оо. Тэрхүү дурсамжийн зах зухаас сөхвөөс ийм. Багш ийн хуучилсан юм.
Төрсөн нутаг Сэргэлэн
Авдарбаян гэж маш том сум байлаа. Одоогийн Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн гурван сумыг хамарч байсан. Би Баянгийнх гэж явдаг юм. Бас Сэргэлэнгийнх ч гэдэг. Төрсөн газар маань яах аргагүй Сэргэлэн юм аа. Манайх Цээл шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг газар зусаж байхад би төрсөн гэдэг юм. Харин аав, ээжийн ах, дүү нар бүгд одоогийнхоор бол Баян сумынх болж таардаг. Хуучны улс чинь малаа дагаад хол газар нүүдэллэдэг байсан болохоор тэр үеийн ганц сумын нутагт тогтохгүй шүү дээ. Тэр тусмаа манай баргууд бол маш урт хол нүүдэллэдэг байсан. Жинхэнэ нүүдэлчин шинж чанар энэ юм биз дээ. Баргууд эртнээс тэрэг хөсөг сайтай гэгддэг байсан юм билээ.
Би баргын гучид овгийн хүн Дээр үед баргын нутагт хувьсгал болоод, дээрэм тонуул их гарч цагийн байдал хэцүү байсан юм гэдэг. Тэгээд л наашаа нүүцгээсэн юм билээ. Манай тэнд нэг мундаг хувилгаан лам байсан гэдэг. Тэр хувилгаан “За энд байгаад нэмэргүй боллоо. Ар Монгол руугаа л явцгаая” гэж хэлээд олон айл өрхийг толгойлж орж ирсэн гэнэ лээ. Тэр хувилгаан миний нэрийг өгсөн гэдэг. Түүхэнд тэмдэглэгдсэнээс харахад 1917 онд Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгаас 200 гаруй өрхийн 1000 гаруй барга ястан нүүдэллэн ирж Богдын шавь болон тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд нутаглан суурьшсан гэж бий. Би баргын гучид овгийн хүн. Чингис хааны дархалсан хэдхэн овгийн нэг шүү дээ.
Төрүүлж, өсгөсөн аав, ээж минь Миний төрсөн аав Дондогийн Зана, төрсөн ээж Мажигсүрэн гэж хүмүүс байсан даа. Бид аавыгаа Жаамбай гэж дууддаг байлаа. Аав минь багаасаа сүм хийдэд шавилан сууж маарамба болсон хүн. Их сайн эм барина. Ард түмэн жигтэйхэн хүндэлнэ. Одоо бодоход их ухаантай хүн байжээ. Гэр орноо, үр хүүхдүүдээ авч яваа байдал мундаг. Аав минь их номтой. Биднийг өвдөхөд нэг тун өгөөд л босгоод ирдэг байлаа. Манайх маш баян айл байсан. Олон зарцтай. Хонь гэхэд л гурав, дөрвөн мянга, 10-20 азарга адуутай. Үхэр нь хотоор дүүрэн. Чулуутын голоор л дүүрэн үхэртэй байсан. Лав 300-гаад үхэртэй байсан байх. Гуч, дөчөөд тэмээтэй. Нүүлээ гэхэд 20-30 тэрэгтэй л нүүнэ шүү дээ. Хоёр гурван илүү гэртэй. Аавд өвдөж зовсон хүмүүс үзүүлэх гэж их ирнэ. Тэднийг илүү гэртээ оруулаад л судсыг нь барина. Ер нь хүний өвчнийг бараг хараад л мэднэ. Өргөсөн аав минь Шагдар, өргөсөн ээж минь Бүтэд гэж сайхан буурлууд байсан. Ёстой л бурхад байсан даа, аав, ээж хоёр минь. Шагдар аав, Зана аав хоёр маань холын хамаатан юм гэдэг.
Хонин жилийн зуны дунд сард төрсөн Би долоодугаар сард халуун зунаар төрсөн. Арван зургаадугаар жарны тав дахь он, цагаагчин хонь жилийн зун гэдэг юм. Намайг төрүүлээд ээжийн минь хойдох нь цөглөгддөггүй, эхэс нь гарахгүй гурав хоносон гэдэг. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэмэр болсонгүй гэнэ. Аав минь ч өөрөө маарамба хүн арга чарга хийсэн л юм байгаа биз. Гэвч сайжирч өгдөггүй, тэр халуунд хэцүү л юм болсон байж таарна. Нөгөө муу улаан нялзрайгаа гэртээ ч оруулалгүй, чингэлэгт нэг муу дээлийн хормойд ороогоод гурав хонуулсан гэж байгаа. Тэгээд Зана аав Шагдар аавд минь намайг өргүүлжээ.
ОЛУУЛАА ТӨРСӨН ХҮНИЙ ГАНЦ
Шагдар аав нь ихээхэн зовлон үзэж, хат суусан нэгэн байсан гэдэг. Хятадын хар цэрэгтэй байлдаж яваад хоёр жил болоод иртэл эхнэр, зургаан хүүхэд нь халуун хижиг өвчнөөр нас барчихсан, ганцхан ах лам нь мэнд үлдсэн байв. Олон жилийн дараа эхнэр авсан ч хүүхэдтэй болсонгүй. Ийм л гэр бүлд Дулмаа охин өргөгдөн ирснээр аав, ээж хоёрынх нь нар гарчээ. Гэхдээ өнөө өргөж авсан жаахан амьтан нь их эмзэг танхи. Гэрт нь хүн ороод гарахад л хөлсчихдөг. Шөнөжин уйлагнаж, халуурч бүлээрнэ. Шагдар гуайн ах лам Ваанзий Баргын дуганы ерөнхий унзад байсан хүн учир тэр дор нь ном уншиж, арга чарга хийдэг байж. Айлын энхрий ганц хүүхэд учир хөлстэй морьтой ирсэн хүнийг гэртээ оруулдаггүй, ангийн махаар хоол хийж өгдөггүй гээд л олон дом, цээрийн дунд өсжээ. Нэлээд том болсон хойно нь ч гэсэн гадны хүн ирэхэд охиноо орны хөшигний ард суулгачихдаг байсан нь хөлсөж, сэвтэх вий гэсэн болгоомжлол, ганц охиноо гэсэн их хайрын илрэл.
Дулмаа багш төрсөн талдаа өнөр олуулаа. Зана гуайн 12 хүүхдийн доороосоо хоёр дахь нь. Түүнийг багад төрсөн, өргөсөн аав, ээж нь дандаа айл, саахалт явжээ. Энэ нь “Хүний хүүхдийг төрсөн ах, дүүгээс нь холдуулахгүй” гэсэн Шагдар аавынх нь ухаан. Төрсөн ах, эгч нар нь олуул болохоор шуугилдаад л ороод ирнэ. Тэднийг ирэхээр Бүтэд ээж нь нэг их том тогоонд жигтэйхэн сайхан гурилтай хоол эргэлдүүлээд л, баргуудын хуймаа гэж нэрлэдэг халхаар бол шарвин гэдэг боов хайрч өгдөг байсан тухай багш нэгэнтээ хуучилж билээ.
Аав, ээж хоёр нь газар дээрх ганц охиноо эрдэм номтой хүн болгоно гэж зорьж, найман настайд нь нэгдүгээр ангид оруулжээ. Шагдар гуай “Би өртөө улааны зар гаргахгүй эрхий хуруугаа дарж явсан хүн. Ганц хүүхдээ тийм болгохгүй. Энэ бүсгүй амьтан. Эрдэм номтой хүн болгоно” гээд охиноо сургуульд оруулах гэж зүтгэж. Ийнхүү охиноо даган сумын төвийн айл болж, тэндээсээ аймаг, аймгаасаа хот руу дагаж нүүсэн гэдэг ээ. Хоёр буурлынхаа сайхан зургийг багш минь номын сангийнхаа эрхэм хүндтэй орон зайд залсан байдаг сан.
“УЛААН ГЭР”-ИЙНХНИЙ БЭЛЭГЛЭСЭН ЦАГААН ТОЛГОЙ
1930-аад оны дунд үед “Улаан гэр” гээд хоёр гурван майхантай хүмүүс хөдөөгүүр явж жүжиг ший тоглож, дуулж хуурдахын зэрэгцээ улс төрийн ухуулга хийдэг байв. Нэг удаа ээж нь Дулмаа охиндоо цай, боорцог, тогооны өрөм, ааруул өгч, “Улаан гэр”-ийнхэнд өгөөд ир гэж явуулжээ. Нөгөөдүүл нь жаахан охиныг өхөөрдөж, дарга нь бололтой нэг хүн жижиг дөрвөлжин ном, хулсан үзэг бэлэглэжээ. Тэр ном нь “Монгол үсгийн сурах бичиг” байв. Аав нь ихэд бэлгэшээж “Мундаг бичгийн хүн болох нь. Миний охинд цагаан толгойг нь, бичих үзгийг нь өгчхөж. Одоо хүүгээ маргааш Хутрангаад аваачиж шавь оруулна аа” гэжээ. Ингээд нутгийнхаа эрдэм номтой Хутрангаа гэж хүнд шавь орж, монгол бичиг, дөрвөн аргын тоо заалгав гэнэ. Удалгүй сургуульд орж шинэ үсэг нүдэлж эхлэв. Өмнө нь худам монгол бичгээ сурчихсан байсан болохоор шинэ үсгийг тун амархан сурах нь тэр. Багш нь Шагдар гуайд “Энэ хүүхэд юм сурахдаа их авьяастай юм. Танай энэ хүүхэд сүрхий шүү. Номыг нь сайн үзүүлээрэй. Ном сайн уншуулж байгаарай” хэмээн захижээ. Гэтэл ном гэдэг нүдний гэм. Цагаан толгойгоо бүгдийг нь уншаад дуусчихсан. Аав нь эрж сурагласаар нэг их том зузаан ном олж ирсэн нь Ж.Бокаччогийн “Декамерон” байв. Уг зохиолыг үсэглэсээр уншиж дуусгажээ. Өөр ном олдохгүй тул өнөө романаа дахин дахин уншиж, өдөрт 10 мөрийг цээжилж ч үзэж. Багш ой тогтоолт сайн, цээжээр хэдэн арван бадаг шүлэг, найраглалыг торохгүй уншдаг нь “Декамерон” цээжилж явсан багынх нь тэр явдлын нөлөө байсан болов уу.
Сурагч Дулмаа сумдаа бага сургуулиа дүүргээд аймгийн төв рүү шилжиж, тэндээ долоодугаар ангиа төгсөөд их сургуулийн бэлтгэл ангид элсжээ. Тэр үед долоодугаар анги төгссөн хүүхдүүдийг их сургуулийн бэлтгэл ангид оруулж, найм, ес, аравдугаар ангийн хичээлүүдийг нэгтгэн нэг жилд багтаан ордог байсан аж.
ЧОЙЖИЛЫН ЧИМИД, БЭГЗИЙН ЯВУУХУЛАН НАРЫН ШАВЬ
Их сургуулийн бэлтгэл ангиа төгсөөд хэл бичиг, утга зохиолын нэгдүгээр ангид орсноор Шагдарын Дулмаа хэмээх яруу найрагчийн намтрын хуудас эхэлжээ. Утга зохиолын багш нь Чойжилын Чимид, монгол хэлний багш нь Өөлдийн Чимид, түүхийн багш нь Төртогтох гээд л тэр үеийн сор болсон шилдэг сэхээтнүүд байв. Хожмын Төрийн шагналт эрдэмтэн, утга зохиол судлаач, профессор Дамдинсүрэнгийн Цэнд, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандан нар Шагдарын Дулмаа багшийн нэгэн үеийн оюутнууд.
Чойжилын Чимид найрагчийн удирдаж байсан их сургуулийн утга зохиолын дугуйлангаас хожмын олон нэртэй уран бүтээлч төрөн гарсан юм. Тэд бол Мишигийн Ширчинсүрэн, Дэмбээгийн Мягмар, Доржийн Гомбожав, Шагдарын Дулмаа нар. Тэднийг их сургуулийн оюутны ширээн дээр шүлгээ бичиж явахад 1950-иад оны “үндэсний хэлбэртэй, социалист агуулгатай” уран зохиол ид цэцэглэж байлаа.
Харин Монголын уран зохиолд шинэчлэлийн салхи авчирсан 1960, 1970-аад оныхон хараахан эрийн цээнд хүрээгүй цаг үе. Их сургуулиа төгсөөд дөнгөж хоёр сар болж байсан Шагдарын Дулмааг МХЗЭ-ийн Төв хорооны шийдвэрээр ЗХУ-д Комсомолын дээд сургуульд сургахаар илгээв. Тэнд гурван жил суралцаж ирээд 14 жил МХЗЭ-ийн Төв хороонд ажиллаад дахин ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцжээ. Төгсөж ирээд “Үнэн” сонинд 21 жил ажиллаад гавьяаны амралтаа авав. Багшийн албан намтрыг ийнхүү товчлон хураангуйлж болох ч амьдрал, уран бүтээлийн урт замналыг нь өгүүлэх аваас бүхэл бүтэн жарны түүхийг товчоолно. Ш.Дулмаа багш 1950-иад оны дундуур МХЗЭийн Төв хороонд ажиллаж байхдаа зохиолч Б.Жамдтай хамтран уран зохиолын дугуйлан байгуулан удирдаж байжээ. Тэгж байтал Б.Явуухулан найрагч М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэж ирээд Монголын зохиолчдын хороон дээр дугуйлан байгуулсан байна. Явуугийн дугуйланд тухайн үеийн залуу яруу найрагчид нэгдэн цугларч, авьяас, онгодоо бадраасан юм.
ШҮЛЭГ БИЧИХ, БУСДЫГ ХАЙРЛАХЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮН
Багшийн анхны ном 1966 онд “Үүрийн цолмон” нэртэйгээр хэвлэгдсэн бол удаах нь “Өглөө” нэртэй. Агуу их Чойжилийн Чимид, Бэгзийн Явуухулан нарын шавь болж, үүрийн цолмон мэт анхны шүлгүүдээ тэрлэж явсан найрагч бүсгүй уран бүтээлийнхээ өглөөг урам зоригтой угтсан он жилүүдэд Пунцагийн Бадарч, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав, Данзаннямын Шагдарсүрэн, Ринчиний Чойном гээд нэгэн үеийнхэн нь найргийн замд дөрөө нийлжээ.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав найрагчийн хэлсэнчлэн тэд Явуугийн “Мөнгөн хазаарын чимээ”-гээр сэрж, 60, 70-аад оны найргийн ертөнцөд өөр өөрийн зам мөрийг гаргацгаасан юм. Шагдарын Дулмаа багш үеийнхэн дундаа ганц эмэгтэй нь төдийгүй Монголын уран зохиолд Эрдэнэбатын Оюун, Сономын Удвал хэмээх эрхмүүдийн дараа нэр нь бичигдсэн бүсгүй найрагч гэдгийг туулсан амьдралынх нь замнал, туурвил бүтээл нь гэрчлэн үлдсэн билээ.
Яруу найргийн 20 гаруй ном, гурван боть туурвил нь хүний гараар бүтээгүй хөшөө дурсгал болон сүндэрлэсээр. “Алтан зул”, “Хүлээлт”, “Дандаа чамайгаа санаж явъя”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хилчний уянга”,”Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 50 гаруй дуу нь эгшиглэсээр. Соёлын гавьяат зүтгэлтэн Солийн Цоодолтой хамтран бүтээж, XX зууны манлай уртын дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзадаар дуулуулсан “Монгол нутгийн үзэсгэлэн” хэмээх орчин цагийн бэсрэг уртын дуу нь л гэхэд ардын дуу шиг мөнх настай гэдэгт үл эргэлзэнэ.
Уран бүтээлчдийг хайрлах, үеийнхнээ хайрлах хайр, хүн байхын ухаан, өгөөмөр нинжин сэтгэл Шагдарын Дулмаа найрагчийн амьдралынх нь утга учир, мөн чанар нь байв. Багшийн хувьд энэ хорвоо дээр муу хүн гэж хэзээ ч, хаана ч байдаггүй байсан. Хэн ч байсан хүн гэдгээр нь л хүлээж авна. Уучилж хайрлана, өрөвдөж энэрнэ. Өөрөө мөнгө төгрөг, ахуй амьдрал гэж бодож яваагүй гэмээр. Аливаад уужуу тайван, ууч нинжин. Энэ орчлонд шүлэг бичих гэж, хүнийг хайрлах гэж л төрсөн хүн байлаа. Яаж тэр олон янзын ааш араншинтай, этгээд гажуу, элдэвтэй нөхдийг хооллож ундлаад, шарыг нь тайлаад, хонуулж өнжүүлээд, унааны мөнгөгүйд нь тав гурван төгрөгөө илүүчлээд болоод байдаг байсан юм. Өглөө гээд дундардаггүй, улам ундраад байдаг өгөөмөр баян хүн багш минь байлаа. Үеийнхэн дундаа ганц эмэгтэй нь болохоор тэднийгээ халамжилж, бөөцийлж, алдаж эндэхэд нь тулж түшиж явсан гэдэг. Гэртээ Сүрэнжавын, Бадарчийн, Чойномын гэх мэтээр нэг нэг шургуулгад хувцас хунарыг нь угааж индүүдээд хийчихдэг байсныг нь нөхөд нь дурссан нь бий. Р.Чойномыг шоронд ороход хамгийн их санаа тавьж, байнга харилцаатай байсан цөөн хүмүүсийн нэг. “Дуся минь” гэсэн элэгсэг дотно үгээр энэлсэн олон захидлыг Чойном найрагч Хажуу улааны шоронгоос бичсэн байдаг. Түүнчлэн Ш.Дулмаа багшийн 1972 онд бичсэн “Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлгийнх нь хариу болгон “Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс”ээ тэрлэжээ. Уран бүтээлчдийн нөхөрлөл, хүн чанар, мөн чанарыг багш минь ийн үлгэрлэж, “Амьдрал хайр дээр тогтдог”-ийн учрыг ухааруулан, домог мэт бахархам амьдралыг туулсан юм.
“...Би амьдралдаа дандаа сайхан хүмүүсийн дунд, дандаа сайхан юм бодож, инээж хөхөрч, баярлаж цэнгэж, насан туршдаа тийм сайхан цэнэг дунд байлаа. Энэ л миний амьдралын хамгийн сайхан зүйл дээ. Яруу найрагч хүн гэдэг ямагт ард түмний хайранд өлгийдүүлж байдаг. Үргэлж сайн сайхан юм бодож, хүнд буруу санахгүй, хор хүргэхгүй, болж өгвөл бусдад тус хүргэх сэн, амьдралыг сайхан болгох сон гэж явдаг улс. Тэр сайхан юмаа бичиж хүмүүст хүргэснийхээ буянаар өдий наслаад сайхан амьдарч байна. Бүх юм ард хоцорсон байна. Одоо ач, зээ нараа хараад л баясаад, хөөрхөн хөөрхөн цоолтууран нүдтэй юмнууд урдуур хойгуур гүйгээд л... Амьдрал ч баян юм даа” хэмээн Шагдарын Дулмаа багш минь шавь, яруу найрагч О.ЦэндАюуштай хийсэн ярилцлагадаа өгүүлсэн билээ.