Төр хувийн хэвшлийн өмнүүр хөндөлсөж, эрхэлдэг бизнес, хийдэг ажлыг нь булааж авдаг явдал хэрээс хэтэрлээ. Эцэс сүүлдээ өдөр тутмын сонины өчүүхэн зай талбайг эзэлдэг зарыг хүртэл булаацалдаж байна.
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.6 дахь хэсэгт “Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно” гэж заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ (эсвэл компанийн) хаяж үрэгдүүлсэн иргэн, хуулийн этгээд тухайн бичиг баримтыг хууль бусаар ашиглагдахаас сэргийлж, албан ёсоор хүчингүйд тооцуулах зарыг дээрх хуулийн заалтын дагуу өдөр тутмын сонинд нийтлүүлэх үүрэгтэй. Харин төр уг сонины зарыг үндэслэн хуучин гэрчилгээг хүчингүй болгож, хагас сарын хугацаанд нөхөн олгодог зохицуулалттай билээ. Хуулийн ийм заалт хүчин төгөлдөр байсаар атал Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ынхан төрийн үйлчилгээг цахимжуулах, төвөг чирэгдэлгүй болгох нэрээр хүчингүйд тооцох зарыг онлайнаар авч эхлэв. Тодруулбал, тус байгууллага хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох мэдээллийг хүлээн авах цахим сан (https://zar.burtgel. gov.mn)-г хөгжүүлж, ашиглалтад оруулаад байна. Ингэснээр төр гээгдүүлсэн гэрчилгээний мэдээллийг бүртгэж, хүлээж авдаг “чухал” ажилтай болов. Харин өдөр тутмын сонинууд санхүүгийн хувьд бие даасан, хараат байдлаар үйл ажиллагаа явуулахад нь багахан боловч дэмжлэг үзүүлж, орлогын эх үүсвэр болсоор ирсэн зараа алдлаа.
Улсын бүртгэлийн байгууллагынхан “Хаяж гээгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо” хэмээн мэдээлж, уг цахим сангаа сурталчилсаар. Ингэж үйлчилгээ үзүүлэхдээ иргэдээс 20 мянган төгрөгийнх хураамж авч, улсад төвлөрүүлж буй. Төр ингэж хувийн хэвшлийн ажлыг дээрэмдэж, орлогыг нь булаадаг ажээ.
Хуулиараа энэ төрлийн зарыг өдөр тутмын сонинд зарлуул гэсэн байхад төр шинэ журмаар зохицуулж эхэлсэн нь хувийн хэвшлийн, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллага, өдөр тутмын сонины орлогыг булаасан, хууль зөрчсөн үйлдэл гэж хуульч, өмгөөлөгчид ч үзэж байна. Хуулиас давсан журам, шийдвэр гэж байдаггүй байлтай.
Ж.Сувд