Дэлхий дахинд судалсан буюу шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэсэн зэрлэг амьтдын тоо толгой сүүлийн 52 жилийн хугацаанд 73 хувиар буурсныг Дэлхийн байгаль хамгаалах сангаас зарлалаа. Тус байгууллагынхан Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран хоёр жил тутамд гаргадаг “Амьд ертөнцийн тайлан”-гийнхаа ээлжит үр дүнг танилцуулахдаа дээрх үзүүлэлтийг онцлов.
“Амьд ертөнцийн тайлан” нь манай гаргийн биологийн олон янз байдлын төлөвийг илтгэдэг чухал эх сурвалж бөгөөд үүнийг гаргахдаа 1970 оноос хойших зэрлэг амьтдын бүртгэл, судалгаа, хяналт мониторингийн үр дүнг ашигладаг юм. Дээрх үзүүлэлт нь дэлхий дахинд бүртгэлтэй хөхтөн, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагч гээд бүх популяцид хамаатай дүн гэдгийг судлаачид тодотголоо. Амьдрах орчин буюу экосистемээр нь ангилбал цэвэр усны амьтдын тоо толгой 1970 оноос хойш 85, хуурай газрынх 69, далай тэнгисийнх 59 хувиар буурчээ. Харин газар зүйн байршлаар нь авч үзвэл Латин Америк, Карибийн тэнгисийн бүсэд зэрлэг амьтны хорогдол хамгийн өндөр буюу 95, Африкт 80, Ази, Номхон далайн хэсэгт 49, Хойд Америк 28, Европ, Төв Азид 23 хувиар буурсан аж.
Экосистем доголдож, биологийн олон янз байдал алдагдахад хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гурван гол хүчин зүйл нөлөөлж буйг судлаачид уг тайланд дурджээ. Үүнд хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас үүдэлтэй амьдрах орчны доройтол, чулуужсан түлш, уул уурхайн олборлолтоос улбаатай хүлэмжийн хийн ялгарал, байгаль орчинд хор урхагтай төсөл, хөтөлбөрийг дэмждэг санхүүжилтийн найдвартай механизм зэргийг нэрлэсэн байна.
Н.Дүүл