Буга, хандгай нутагладаг Нөмрөгийн дархан цаазат газар найм дахь өдрөө шатаж байна. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд дэгдсэн түймрийг өчигдөр 14.00 цагийн байдлаар бүрэн унтрааж хүчрээгүй байгааг онцгой байдлын байгууллагынхан хэллээ. Автомашин явах нь бүү хэл, хүн, мал очиход амаргүй газарт асаж буй галыг унтраахын тулд алба хаагчид гол гаталж, мориор ганц хоёроороо хүрч байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг зургаан аймаг, нийслэлийн Багануур дүүрэг дэх онцгой байдлын хэлтэс, Дорнодын Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, иргэд, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, хилийн цэргийнхэн зэрэг 600 гаруй хүн 100 техник, хэрэгсэлтэй ажиллаж, түймрийг энэ сарын 13-ны 00.55 цагт цурамд оруулсан билээ. Гэвч харамсалтай нь, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь түймэрт өртчихлөө. Хохирлын нийт хэмжээ, хэн хариуцлага хүлээхийг түймрийг бүрэн унтраасны дараа тодорхой болгох бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явуулж буй аж. Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр уг хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 633 600 га орчим талбай өртсөн байна. Энэ нь Халхгол сумд сүүлийн 10 жилд тохиолдсон хамгийн их талбайг хамарсан түймэр болжээ.
Нийслэлд баавгай айлын гэр лүү дайрч, хүн барьсан эмгэнэлтэй хэрэг гарсны маргааш нь хүн байгальд их хэмжээний хор хохирол учруулсан нь цаг хугацааны хувьд санамсаргүй давхцал байж мэдэх ч анхаарал, сэрэмжээ алдаж болохгүйг сануулсан сургамж гэлтэй. Оч үсрэхэд л түймэр дэгдэж мэдэх хуурайшлын ид үед буюу хавар, намар ой, хээрт явахдаа анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг албаныхан үргэлж л сануулдаг. Гэвч эх орон, байгаль орчноо галдан шатаагч нь бид өөрсдөө байгаа нь харамсалтай. Ой, хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог гэдэг. Тодруулбал 2020- 2025 оны байдлаар улсын хэмжээнд нийт 896 түймэр дэгдэж, долоон сая га талбай өртөж, 160 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Харин он гарснаас хойш улсын хэмжээнд 174 түймэр дэгдсэний нэг нь дээрх Нөмрөгийн дархан цаазат газрынх. Эл түймрийн эргэн тойронд өрнөсөн асуудлыг дурдахаас урьтаж өмнө нь гарсан түймрийн хэргүүдийг хууль, хяналтын байгууллагынхан хэрхэн шийдвэрлэсэн талаар авч үзье.
ДОЛООН ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ
Прокурорын байгууллагынхан энэ оны эхний 10 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл (ой, хээрийн түймэр тавих)-д заасан долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэрэг ойн сан бүхий Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутагт гарчээ.
Жишээ 1.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд З.М нь Дорнод аймгийн Халхгол сумын Сангийн далай гэх газарт зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явсаар гал алдаж, хээрийн түймэр тавьжээ. Түймрийн улмаас 23 мянган га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая, түймрийг унтраахад 2.8 сая, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөд 57.8 сая буюу нийт 136.8 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Прокуророос Эрүүгийн хуулийн 24.7.1- т заасан гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.М-г гэм буруутайд тооцож, нэг жилийн тэнцэн харгалзах ял оноосон байна. Ингэхдээ түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая болгон бууруулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Жишээ 2.
Сэлэнгэ аймгийн Цагааннуурын Дунд даваа гэх газарт өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Э гэх хүн гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой, хээрийн түймэр дэгдэж, тариалангийн талбай, бэлчээр нийлсэн 5.3 мянган га газрыг шатаасан байна. Байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Түүнийг дээрх аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон ч нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ. Тэрбээр шүүхийн үйл ажиллагааны явцад учруулсан хохирлоо төлсөн аж.
Жишээ 3.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хоёр даваа гэх газарт иргэн Б.Т нь төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой, хээрийн түймэр дэгдээжээ. Хоёр сумын хамарсан 4.1 мянган га талбай өртөж, байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн найман иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн аж. Шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноожээ.
Эдгээр жишээнээс үзэхэд байгаль орчинд хор хөнөөл учруулагчдад ямар нэгэн байдлаар ял оноодог гэсэн үг. Улсын хэмжээнд сүүлийн хоёр жилд хүрээлэн байгаа орчны эсрэг 797 гэмт хэрэг шийдвэрлэжээ. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсны дөнгөж 6.09 тэрбумыг нь нөхөн төлүүлсэн аж. Энэ нь учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа хангалтгүй явж ирснийг харуулж буй юм. Ой, хээрийн түймрийн буруутнууд ихэнхдээ санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алддаг. Гэвч энэ нь буруугаа хаацайлах, хохирлоос бултах шалтгаан биш юм. Тэр тусмаа улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат газруудыг түймрээс сэргийлэх арга хэмжээ авах, гал гарсан үед шуурхай ажиллах хүн хүч, техник, хэрэгсэлтэй байх нь манай улсын нэн чухал асуудал болоод байна.
ТАЛ НУТГИЙН ТҮЙВЭЭН
Монгол Улсын хэмжээнд түймэрт хамгийн их нэрвэгдсэн аймаг нь Дорнод. Тэр дундаа Халх гол сум. Сүүлийн 10 жилийн (2016-2025) хугацаанд 1458 ой, хээрийн түймэр гарчээ. Үүнээс 23.5 хувь нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон ба 88 нь Халхгол сумд бүртгэгдсэн байна. Эдгээрээс Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр хамгийн их талбайг хамарсныг албаныхан хэлэв. Манай улсад сүүлийн 26 жилд шатсан талбайн давтамжийг тооцоолоход дээрх хугацаанд Нөмрөгийн дархан цаазат газарт 1-11 удаа түймэр дэгдсэн байх юм. Дорнод аймаг, тухайн бүс нутгийн байгаль хамгаалагч, дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхны нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалах ёстой газар биш бил үү. Үүгээр зогсохгүй Богдхан уул, Хэнтийн нуруунд түймэр гарах нь өдгөө байдаг л зүйл мэт боллоо. Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэд гэхэд л өнгөрсөн онд 20 гаруй удаа түймэр гарсан байна.
Харин энэ удаагийн Нөмрөгийн дархан цаазат газарт дэгдсэн түймэр хэн нэгний санамсар болгоомжгүй үйлдэл гэхээс илүү эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг хурцаар хөндөж буй. “Мобиком” компанийн япон болон монгол захирлууд эл хэрэгт холбогдсон бөгөөд нүднээс далд чухам юу өнгөрснийг хууль хяналтын байгууллагынхан үнэн мөнөөр нь тогтоох биз. “Мобиком” компанийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи монголчуудаас уучлалт хүсэж, хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн. Гэвч одоогоор хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна. Үнсэн товрог болсон газраас ан амьтад нь дүрвэж, эмийн болон нэн ховор ургамал нь устаж үгүй болсныг нутгийн иргэд нь ярьж буй. Бороо хур элбэгтэй бол ирэх жил өвс нөгөө ургачихна гэх боловч хэзээ ч унаган төрхөө дахин олж авахгүй, дүрвэсэн амьтад ч эргэн ирэхгүй нь гашуун боловч үнэн.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Мобиком корпорац” Төлөөлөн удирдах зөвлөлөө хуралдуулж, гүйцэтгэх захирлаа халж, тэр хүн нь Япон руугаа буцаж байгаа сурагтай. Тэгээд энэ хэргийг яаж нэг тийш нь шийдэх юм бэ. Яагаад үүнийг нуун дарагдуулав. Нөмрөгийн дархан цаазат газарт түймрийн улмаас 7200 ам метр газар нутаг шатаж, ан амьтанд асар их хохирол учирлаа. Энэ нь Сингапур улсын нийт газар нутгаас бараг 10 дахин том талбай. Ийм хэмжээнд сүйрэл гарчхаад байхад хариуцлагын асуудлыг орхигдуулж болохгүй. “Дүнжингарав” худалдааны төвийн зам дээр болсон осол шиг жолоочид нь ял оноогоод л дуусах юм уу. Ийм өргөн хэмжээний гал түймэр гарахад Онцгой байдлын ерөнхий газар бэлэн байна уу” хэмээн сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсад байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт бий. Хуулиа дагаж, буруутай этгээдийг бултуулахгүй, хохирлыг нөхөн төлүүлэхийг хэн хүнгүй шаардаж байна.