Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан И.Хүдэрцэцэг нарт холбогдох, олны анхааралд өртсөн хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, уг хоёр албан тушаалтан прокуророор ажиллаж байхдаа МУИС-ийн багш Д.Янжинхорлоотой холбоотой, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн маргаанд оролцогчдын нэг талд үйлчилсэн хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа албан бичиг хүргүүлж, тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Янжинхорлоогийн нэр дээр гаргуулахад нөлөөлсөн байж болзошгүй хэмээн буруутгагдсан байдаг. МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь Г.Ичинхорлоо, Г.Өлзийбаяр нарын хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, өөрийн нэр дээр бүртгүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдон шүүх хэргийг нь эцэслэн шийдвэрлэж чадахгүй, нааш цааш “шидэлцсээр” байгаа билээ. Д.Янжинхорлоод давуу байдал олгоход хамт нэг ангид сурч байсан гэх прокурор И.Хүдэрцэцэг тэргүүтэй хүмүүс оролцсон хэмээн цахим мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугьсан.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Т.Жавхлантөгс, И.Хүдэрцэцэг нарт Эрүүгийн хуулийн 21.14-2 дахь хэсгийн “Прокурор хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх өнгөрсөн даваа гарагт уг хэргийг хэлэлцээд Т.Жавхлантөгсөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, И.Хүдэрцэцэгийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасан 5.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Хачирхалтай нь, шүүн таслах үйл ажиллагаа явуулж буй иргэний хэргийн шүүгч гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр шүүхийн танхимд суусан явдал. Гэм буруутай, эсэхээ шийдвэрлүүлж байгаа шүүгч бусдын хувь заяа, эд хөрөнгийн маргааныг хянан шийдвэрлэж болох уу. Уг нь эл хэрэгт холбогдсон шүүгч Т.Жавхлантөгсийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллага, АТГ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан байдаг. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 39.4-т заасан “Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна” гэх заалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдсэн юм. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгч Т.Жавхлантөгс Дархан-Уул аймагтаа иргэний хэрэг хэлэлцэн дэнсэлсээр байв. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 2-нд хоёр иргэний 11.8 сая төгрөг нэгнээсээ гаргуулах маргааныг хянан шийдвэрлэжээ.
Хэрэв шүүхээс өмнөх шатанд буюу прокурор хэргийг хянаж байхдаа Т.Жавхлантөгсөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ШЕЗ, Сахилгын хороо нь бүрэн эрхийг нь сэргээж, шүүн таслах ажлаа явуулж байсан бол эрүүгийн хэргийн шүүх хурлаар оруулах ёстой байсан уу. Шүүх хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй атал ийм хачирхалтай явдал гаргасныг жирийн иргэд хэрхэн ойлгох вэ.