МХЕГ-аас 2014 онд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Эрүүл мэнд, спортын яам арга хэмжээ авч, зарим эмийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 19-нөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Арцны жимс” компанийн эмийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авснаас хойш 10 сар үйл ажиллагаа явуулаагүй, хаяган дээрээ байдаггүй бол “Эрдэнэбүрэн”, “Дентафарм” эмийн үйлдвэрийн хаяг, байршил нь тодорхойгүй, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани” үйлдвэрийнхээ байршлыг өөрчилсөн байжээ. Дээрх үйлдвэрүүд энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол зөвшөөрлийг нь бүрмөсөн цуцлах юм байна.