Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр. Манай улс энэ өдрийг “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар есөн сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээр ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ ордог. 2012 оны байдлаар 450.000 хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ба 92 оронд сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээр дурдсан есөн сая сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад амьдардаг. Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол буурч байгаа бөгөөд 2000 оноос 2013 оны хооронд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилсэн байна.
Монгол Улсад “Глобаль” сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд 2006 оноос олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлож эмчилж, 2006-2010 оны хооронд жилд дунджаар 70-80 хүн оношлогддог байсан бол 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болжээ. Төслийн хүрээнд ХӨСҮТ-д иж бүрэн тоноглогдсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 60 ортой тасгийг ашиглалтад оруулахын зэрэгцээ Сэлэнгэ, Дорнод, Дархан-уул зэрэг найман аймагт ийм тасаг нээсэн. Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй нэг өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй нэг өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг байна.