Энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблей “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдах юм. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь болох энэхүү чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцохоор болжээ.
Монголын Залуучуудын Холбоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс Exclusive брэндэд санал тавьж, 750 төлөөлөгчийн хувцсыг үйлдвэрлүүлэхээр болсон байна. Уг хувцасны хувьд салхи, бороо нэвтрэхгүй манай улсын эрс тэс уур амьсгалд нэн тохирсон, аваад явахад овор багатай, өмсөхөд хөнгөн гээд давуу тал олонтой аж. Хувцсан дээр тус Ассамблейг санаачлан зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, ХАХНХЯ, МЗХ-ны логог шигтгэж өгчээ.
Солонгын өнгө шиг таван өнгөөр хийгдэж буй энэхүү хувцсыг дэлхийн брэнд болох ADIDAS, NIKE-ийн хувцас хийгддэг материалаар хийж байгаа учраас чанартай гэдгийг онцолж байна. Манай улсад зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээнд хэрэглэгдэх хувцас хэрэглэлийг ихэвчлэн БНХАУ, БНСУ- д тус тус захиалж хийлгэдэг. Энэ удаа монголчууд өөрсдөө хийж чаддаг гэдгийг ч давхар харуулж буй хэрэг. Азийн залуучуудын Ассамблейн төлөөлөгчид “Made in Mongolia”-гаар гоёх нь аж.