МУИС-ийн дэргэдэх Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв хамтран Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалтыг өнөөдөр тус яаман дээр зохион байгууллаа.
Энэ удаагийн хурлаар Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл туршлага солилцсон юм. Манай оронд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн ой хээрийн түймэр гарч өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 124 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Энэ нь 16 аймгийн 71 сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийн тоо юм. Түймрээс гарсан хохирлыг урьдчилсан байдлаар тооцоход нийт 4,9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай, үүнээс 146,5 мянган га ой, 4,8 сая га бэлчээрийн талбай шатжээ. ОХУ-аас манай улс руу нийт долоон удаа, Монгол Улсаас БНХАУ-ын хил давж хоёр удаа хээрийн түймэр гарсан байна. Салбар яамнаас түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдээлэх талуудын оролцоог зохицуулах үүрэг бүхий Шуурхай зохицуулалтын жижүүрийн албыг түймрийн хугацаанд ажилуулж байгаа юм. Мөн сансрын хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн голомт тархалтыг урьдчилан мэдээлэх, түймэр ихтэй аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээг авч байгаа аж. Харин цаашид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, бодлого боловсруулах, улсын хил дамнан гарсан ой хээрийн түймрийн хохирлыг тодорхойлох аргачлал, эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэх мэт олон саналыг уулзалтад оролцогчид дэвшүүлж байв. Мөн ой хээрийн түймэртэй тэмцдэг байгууллагуудын ажлын уялдаа, холбоог давхцуулалгүйгээр сайжруулах шаардлагатай байгааг оролцогчид өгүүлж байсан юм. Энэ удаагийн уулзалтад БОНХАЖ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын түймрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Дэлхийн түймрийн мониторингийн төвийн захирал Ёханн Георг-Голдаммер, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын зохицуулагч хатагтай Буттанри, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгч Эрдэнэсайхан зэрэг албаны хүмүүс оролцов.