Сэлэнгэ аймаг дахь Тужийн нарсыг иргэд, аж ахуйн нэгж, гадаад дотоодын байгууллагуудын тусламжтайгаар нийт 17492 га талбайд таримал ойжуулалт хийсэн байна. Түүнчлэн 5800 га талбайд байгаль өөрийнхөө аясаар нөхөн сэргэжээ.
Ардын хувьсгалын их ялалтын гол төв цэг болсон “Тужийн нарс” нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар сумын нутагт аймгийн төв Сүхбаатар хотоос найман км зайд оршдог юм. Зах зээлийн сиситемд шилжих эхний жилүүдэд их хэмжээний ойн түймэр, эмх замбараагүй мод бэлтгэл, ойн хортон шавьжны нөлөөгөөр Тужийн нарсны экосистем ихээр алдагдаж нийт нарсны 70 хувь нь устаж үгүй болжээ.
1997 оноос тужийн нарсыг ойжуулах, нөхөн сэргээх хөдөлгөөн өрнөж, улс, аймгийн хэмжээнд эрчимтэй арга хэмжээ авч эхэлсэн байна. Ингээд тужийн нарсыг нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор 2002 оны УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, Тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангилалд бүртгэн, тус газрын нийт 70.805 га талбайг улсын тусгай хамгаалалтад авчээ.
Дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, хүн төрөлхтний байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг өвлүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авдаг ажээ.