Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооноос санаачлан аймгийнхаа оюутны анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 10-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь “Сэлэнгэлэг Оюутан-Сэлэнгийн ирээдүй” уриатай явагдах аж. Чуулгын үеэр Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Токиогийн их сургуулийг төгссөн шилдэг залуучууд илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Мөн аймгийнхаа хөгжил дэвшилд оруулах оюутан суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой үзэл бодлыг хүргэн, тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, уриалга гаргахаас гадна орон нутагт гарч буй ажлын байрны мэдээллийг оюутан залууст хүргэх юм байна. Харин чуулга уулзалтад Сэлэнгэ аймгаас гаралтай төрийн түшээд, салбартаа манлайлж буй залуус, 17 сумын оюутан суралцагчид оролцоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.