Шаргаморьтын гүүрний баруун талын замын асфальтан хучилт нь хагарч бутран, хөрс нь сууж, бага оврын автомашин явахын аргагүй болжээ. Энэ зам ашиглалтад ороод барагцаагаар 30 жил болж байгаа гэнэ. Тус замыг хэзээ засахыг нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандахаас тодруулахад “Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын гүүр, Хандгайт чиглэлийн 16.3 км замыг 25 орчим тэрбум төгрөгөөр өргөтгөн, иж бүрэн шинэчилж, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг тавина. Мөн гүүрийг нурааж, шинээр барих юм. Манайх нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт зам шинэчлэхтэй холбоотой техникийн тодорхойлолт, баримт бичиг, зураг төсөл хүргүүлээд байгаа. Замын ажилд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2015 оны төсөвт суусан нь есөн тэрбум. Үлдсэнийг төсөвийн тодотголоор батлах юм уу, эсвэл ирэх оны төсөвт суулгах байх” гэлээ.