Засгийн газар, ХАХНХЯ-наас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор тавдугаар сарын 18-21-нд зохион байгуулах Азийн Залуучуудын зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий ассамблей. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагаандд хүрэлцэн ирэх зочид болон Монголын төлөөлөл, сайн дурынхан нэгэн ижил хувцсаар гоёхоор болжээ. Монголын залуучуудын холбоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Exclusive” брэндэд санал тавьж, 750 төлөөлөгчийн хувцсыг үйлдвэрлүүлэхээр болсон байна. Уг хувцасны хувьд салхи, бороо нэвтрэхгүй манай улсын эрс тэс уур амьсгалд тохирсон, аваад явахад овор багатай, өмсөхөд хөнгөн гээд давуу тал олонтой аж. Таван өнгөөр хийж буй хувцсыг дэлхийн брэнд болох ADIDAS, NIKE-ийн хувцас хийгддэг материалаар хийж байгаа учраас чанартай гэдгийг онцолж байна. Ер нь манай улсад зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээнд хэрэглэгдэх хувцсыг ихэвчлэн БНХАУ, БНСУ-д захиалж хийлгэдэг гэнэ. Харин энэ удаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн нь монголчууд өөрсдөө хийж чаддаг гэдгийн баталгаа.