Дундговь аймгийн ИТХ 2014 оны тавдугаар сарын 24-нд есдүгээр хуралдаанаараа аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулан, оронд нь С.Од-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг үүнийг хууль бус хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Ерөнхий сайд С.Од-Эрдэнийг Засаг даргаар батламжилсан. Захиргааны хэргийн анхан шатны есдүгээр шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хурлыг олонтаа хойшлуулсаар МАН-ын бүлгийн нэхэмжлэлийг энэ сарын 4-нд хэлэлцсэн байна.
Ингээд Дундговь аймгийн ИТХ-ын өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний өдрийн бүх тогтоолыг хүчингүй болгожээ. Засаг даргагүй болсон аймаг ганц Дундговь биш. Завхан аймгийн ИТХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд ээлжит IX хуралдаанаа хийж, аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийг огцруулсан. ИТХ-ын 21 төлөөлөгч оролцож, 52.6 хувийн ирцтэй хуралдсан энэ хуралдааны үеэр 14 төлөөлөгч Засаг дарга Ж.Жамъянтивийг огцруулах санал оруулсан аж.
Хуралд оролцсон гишүүд уг саналыг бүгд дэмжсэнээр энэ аймаг Засаг даргагүй болжээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь МАН-ынх. Ж.Жамъянтив ч энэ намынх. Гэсэн ч намынхан нь түүнийг суудлаас нь ховхолчихов. Дорнодын ИТХ нь аймгийн Засаг дарга С.Ганбатыг огцруулахад саналыг нь хүлээж авсныхаа дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж, “Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй.
Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Үүнээс хойш сар гаруй болж буй ч лав л дээрх хоёр аймгийн ИТХ түүний үгэнд орсонгүй.
Х.ЭРХЭМ