БХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 44 сонсогч Ангараск хотод болох эх орны дайны ялалтад зориулсан ёслолын парадад оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ бол эхлэл. Монгол цэрэг, Монголын Зэвсэгт хүчин дэлхийд нэрээ гаргасан, одоо ч гаргаж яваа, ирээдүйд улам тодоор дуурсгана. Ийм омогшлоор хүүгээ цэргийн хүн болгох сонирхол монголчуудын дунд хэдийнэ бий болжээ. Ялангуяа эцэг эх нь цэргийн хүн бол хүүхдээ цэргийн сургуульд сургах гэж зүтгэх нь гэм биш зан болсон гэхэд хилсдэхгүй. Монголдоо ганц буй цэргийн сургалттай “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 241 сонсогчийн 27 хувь нь цэргийн удамтай. Тэдний аав ээж, ойр дотнын хүмүүс нь цэргийн хүн байдаг аж. Тус сургууль байгуулагдаад таван жил болж буй ч тэнд суралцах хүсэлтэй хүүхдүүд хэдэн зуугаараа “дугаарлаж” байна. Жил бүр 300-400 хүүхэд 50 эрхийн төлөө ширүүн өрсөлдөөнд “ордог”. Тэднээс 20-ийг нь БХИС-ийн харьяа Хөгжмийн сургуульд элсүүлдэг аж. Ингэхээр үндсэн ангид 30 хүүхэд л орох тул тэнцсэн хүүхдүүд үнэхээр эрийн шийр гэдэг нь тодорхой. Энэ намрын хичээлийн бүртгэл хэдийнэ эхэлжээ. Бүртгүүлсэн хүүхдүүд математик, монгол хэлний шалгалт өгч, тэнцсэн нь эрүүл мэндийн үзлэгт орно.

Эдгээр шалгуурыг давсан нь цэргийн сургуулийн сонсогч болно. Гэхдээ хэдэн зуун хүүхдээс тоо заан элсүүлж байгаа учраас оноо тэнцсэн тохиолдолд илүү өндрийг нь авдаг аж. Бие жижигтэй, намхан хүүхдүүдэд боломж тун бага. Энэ нь шударга бус санагдаж болох ч улс орон, цэрэг армийн сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болох учраас ийм шалгуур байх нь аргагүй. Солонгос стийлтэй, үсээ урт ургуулж, ээмэг гинж зүүсэн эр эм нь мэдэгдэхгүй хөвгүүд энд тэндгүй таардаг. Энэ нь тэдний эрх. Гэвч ийм хэв маягийг хүмүүсийн олонх нь “үзэн ядаж” байна. Тиймдээ ч үр хүүхдээ эх оронч үзэлтэй, эр хүн шиг эр хүн болгох тухай гэрт ч, гадаа ч ярьдаг болжээ. Ингэхдээ бүр цэргийн сургуульд оруулах гэж хошуурцгааж буйг нь Монголд ганц буй цэргийн дунд сургуульд элсэхийг хүсэж байгаа хүүхдүүдийн тооноос харж болох юм. Эрх мэдэлтэй, дарга сайд нар ч хүүхдээ цэргийн сургуульд сургахаар сэм хил давуулж буй нь цөөнгүй. Манай улсын таван хүүхэд Туркийн цэргийн сургуульд сурч байгаа аж. Үүнээс гадна хувиараа хэчнээн хүүхэд гадаадын цэргийн сургуульд хөл тавьсныг мэдэхгүй. Монгол Улсад цэргийн дунд сургууль байгуулсан нь хүүхдийн төлөө хийсэн томоохон ажил болсон гэж “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, ахмад В.Дашпунцаг хэлсэн юм.

Учир нь одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Л.Болд, БХИС-ийн захирал, бригадын генарал З.Болдбаатар нарт ОХУ-ын Суворовын сургуультай адил төстэй сургууль байгуулах чиглэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өгсөн юм байна.

Үүний дагуу байгуулсан уг сургуульд бүтэн болон хагас өнчин, амьдралын боломж тааруу хүүхдүүдийг сурган, тэднийг бусдаас дутуу биш гэдгийг ойлгуулах, хүүхэд насаа баяр жаргалтай өнгөрөөхөд нь тусалж дэмжин, эх орондоо хэрэгтэй эр хүн болж төлөвшүүлэх гол зорилготой байжээ. Тэд адилхан хоол идэн, ижилхэн хувцас өмсөж харагдах байдлаараа ч хэн нэгнээс дутуу биш гэдгээ мэдэрч өснө. Тус сургуульд сурч буй хүүхдүүдийн 20 орчим хувь нь хагас болон бүтэн өнчин бол 40 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд ажээ. Гэхдээ энэ судалгааг хүүхдүүд сургуульдаа тэнцэж, элссэний дараа гаргаснаараа онцлог. Түүнээс биш хаая гэх малгүй, хөөе гэхгүй хүнгүй хөвгүүдийг онцолж, “Тэмүүжин өрлөг”-ийнхөн сонгоогүй. Гэхдээ энэ сургуульд дандаа борчуудын хүүхэд сурдаг гэж өрөөсгөл дүгнэлт хийх хэрэггүй.
Төрийн өндөр алба хашдаг, тансаг амьдралтай хүний хүүхдүүд ч тэдний эгнээнд бий. “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн үүсэл тэртээ 1925 оноос эхтэй. Тэр үед Хатанбаатар Магсаржавын санаачилгаар Цэргийн ерөнхий сургуулийн дэргэд 10-15 насны хүүхдүүдийг сургах сургууль байгуулжээ. Офицерийн сургууль гэж олонд танигдсан, домог болтлоо алдар нь түгсэн тус сургуулиас генерал найм, олон арван гавьяат, хөдөлмөрийн баатар, ардын цолтнууд төрсөн түүхтэй. Тэдний залгамж халаа болсон өнөөгийн цэргийн сургуулиас ч мөн ирээдүйн олон алдартнууд төрөх нь дамжиггүй. Анхны элсэгчид ирэх жил сургуулиа төгсөнө. Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиа төгсөөд энэ сургуульд “данс”- тай болсон цагаасаа л тэд хүрэх цэгээ олж хардаг гэж сургуулийн удирдлага хэлсэн юм. Сонсогчидтой уулзахад ч зорилготой болсноо бахархан ярина лээ. Тус сургуулийн захирал, ахмад В.Дашпунцаг “Айл зуур явахад алаг бяруу шиг номхон Алалдах дайсан ирвэл арслан бар шиг догшин бай” гэж эцэг өвгөдөөс захиж сургасан байдаг.
Эх орон дуудсан цагт цэрэг хүн зоригтой, тэвчээртэй, тууштай, энгийн үед шударга, тайван дөлгөөн, энэрэнгүй байхыг сургажээ. Өнөө цагт бид үр хүүхдэдээ эх оронч үзэл, монгол бахархал төлөвшүүлэх зүй ёсны шаардлага гарч ирж байна. Гэхдээ эх оронч хүн гээд цээжээ дэлдээд байх уу. Тиймээс бид хүүхдүүдийнхээ ёс зүй, харилцаанд онцгой анхаарч ажиллаж байгаа. Цэргийн дунд сургуулийн сонсогч цэргийн дүрмийн дагуу дарга, найз нөхөдтэйгөө мэндэлж ёслох зэрэг тодорхой үүрэг хүлээн, сургуулийнхаа тангаргийг өргөдөг. Гэхдээ төлөвшиж тэлэгдээгүй ухааныг цэргийн дэглэмээр хэтэрхий хайрцаглаж болохгүй. Тэд ирээдүйд хүний нөхөр, хүүхдийн аав болно. Цэргийн сургуульд бүх зүйл захиран тушаах хэлбэрээр явагддаг учраас хүүхдүүд хүний хий гэснийг хийдэг, өөрөө сэтгэхгүй байх вий гэдэгт онцгой анхаарал хандуулан сургалтынхаа хөтөлбөрийг боловсруулсан. Тиймээс хүүхдүүдийг аль болох өөрийнхөөр нь чөлөөтэй байлгаж, дүрсгүйтэхийг хорьдоггүй. Хүүхэд насыг нь хүндэтгэх нь хамгийн чухал” гэв. Өнгөрсөн онд тус сургууль хичээлийнхээ хөтөлбөрийг ОХУ-ын Суворовын сургуулийн сургалтын хөтөлбөртэй харьцуулж үзэхэд сургалтын чанар, үр өгөөж нь тэднийхээс хоцроогүй, зарим нэг талаараа илүү гарчээ.
Харин бусад орны цэргийн дунд сургуультай харьцуулахад материаллаг баазын хувьд гэхээс биш хүүхдүүдийн сэтгэлгээний хурд, бие бялдрын хөгжил, багш нарын заах чадвар дутуугүй байсан гэнэ. Цэргийн сургуульд хүүхдээ сургах хүсэл монголчуудаар хязгаарлагдсангүй. Улаанбаатар хотод амьдарч, ажиллаж буй ОХУ-ын иргэдээс тус сургуульд хүүхдээ сургах хүсэлт сүүлийн жилүүдэд цөөнгүй ирэх болжээ. Үүний зэрэгцээ охид хүртэл цэргийн сургуульд сурах гэж хошуурах шинжтэй. Хүүхдийн сурах эрхийг хүндэтгэн охидыг сургах асуудлыг нааштай шийдэх боломж буйг тус сургуулийн удирдлага хэлсэн юм. ОХУ-ын цэргийн дунд сургуульд ч эмэгтэй сурагч олон байдаг. Тус улсын Ангарск хотын Шүхэр десантын ангид суралцагсдын 25 хувь нь эмэгтэй байх жишээтэй. Тиймээс “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургууль ч хүрээгээ тэлж, хараагаа өргөсгөнө. Ирэх зургадугаар сард хичээлийнхээ шинэ байранд орно. Бас зургадугаар сарын 1-11 хооронд болох дэлхийн Кадетийн сургуулиудын цугларалтад Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Ч.БОЛОРТУЯА