УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ. Шалтгааныг нь тус бүлгийн дарга С.Бямбацогт дараах үндэслэлээр тайлбарлав. Юуны түрүүнд, МАН-аас удаа дараа сануулж байсан ч Шинэчлэлийн Засгийн газрын алдаатай бодлогын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн. Үүнийх нь хариуцлагыг хүлээлгэж огцруулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ямар ч боломжгүй гэж үзжээ.
Нөгөө талаас өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 56 хувьтай гэж дүгнэж байгаа ч бодит байдал дээр биеллээ олоогүй зүйл олон бий гэв. Тухайлбал, цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ гэсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй. Түүнчлэн зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах, ажлын байр шинээр бий болгох, бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь шатны шинэчлэл гэхчилэн дурдав.
Үүнээс гадна Засгийн газарт хамтрах гэрээнд тусгасны дагуу УИХ-аас баталсан Эдийн засгийн хямралыг даван туулах, уналтыг зогсоох хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ярьж буйг дэмжих шаардлагагүй гэж тус бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал болох Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл болон Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар дэд дарга Д.Хаянхярваа мэдээлсэн.
Тэрбээр төсвийн хүрээний мэдэгдэл харьцангуй бодитой болохоор буйг онцолсон юм. Тухайлбал, энэ удаагийн бодлогын баримт бичгийн төсөл Оюутолгой, Тавантолгойн орд, “Алт” хөтөлбөртэй холбогдоогүй буюу эцэслэн шийдвэрлээгүй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн төсөв дэх нөлөөллийг тусгаагүй нь зөв алхмын эхлэл хэмээн олзуурхаж буй гэнэ. Нөгөө талаас нийт төсвийн зарлагыг анх удаа 114.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байгаа аж.
Б.НОМИН