Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгчид оролцох юм.
Мөн энэхүү чуулга уулзалтын үр дүнд “Тогтвортой Хөгжлийн Зорилт” дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтуудыг тодорхойлох, хөгжлийн санаачлагын талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэх болон тэдний хөгжлийг хангах бодлогын тухай “Улаанбаатарын тунхаг”-ийг батлан гаргах юм байна.
Азийн залуучуудын чуулганы хамтаар “Зүүн Хойд Азийн залуучуудын симпозиум” болон “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдах юм.
Азийн залуучуудын зөвлөл нь бүсийн улс орнуудын залуучуудын байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 1972 онд байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн төлөөллийн байгууллага болох Гүйцэтгэх хорооны Ерөнхийлөгчөөр Малайз Улс, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улс ажиллаж байна. Азийн залуучуудын зөвлөлийн Гүйцэтгэх хорооны 13 дугаар хуралдаанаар Монгол Улс Азийн залуучуудын тав дахь чуулганыг эх орондоо зохион байгуулах эрх бүхий улсаар сонгогдсон бөгөөд Азийн 25 орны залуучууд оролцсон чуулганыг 2015 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.