Ч.Туяа
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр зам тээврийн ослын 276 дуудлага иржээ. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртөж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Тэдгээр хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх насных, зургаа нь сургуулийн насных байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг саатуулсан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Нуурын XII гудамжинд “Королла” маркийн авто машины жолооч унадаг дугуйгаар зорчиж байсан долоон настай охин, таван настай Т нарыг мөргөж гэмтээжээ. Мөн тус дүүргийн нутаг Самбуугийн гудамж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хойд замд “Ниссан Ноте” маркийн автомашины жолооч М явган зорчигч долоон настай хүүг мөргөж гэмтээсэн байна. Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд хүүхдүүд унадаг дугуйтай оролцох нь эрс нэмэгдэн, үүнээс болж осол гарах нь ихэссэн аж. Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгон хөдөлгөөнд оролцож байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Замын Цагдаагийн газраас анхаарууллаа.