“Медимпекс Интернэйшнл” компанийнхан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болохоор суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг “ИННОМЕД” уралдаанаа гурав дахь жилдээ Эрүүл мэнд, спортын яамны дэмжлэгтэйгээр “Интермед” эмнэлэгтэй хамтран зохион байгуулав. Гуравдугаар сараас эхэлсэн тус уралдаанд АШУҮИС, ШУТИС, “Этүгэн”, “Хүрээ” дээд сургуулийн 60 орчим оюутан хамрагдсан бөгөөд эцсийн шатанд 15 багийн 29 оюутан эрдэм мэдлэгээрээ өрсөлдлөө. Тэднээс өнгөрсөн бямба гаригт шилдгийг нь шалгаруулсан юм.
“Медимпекс Интернэйшнл” компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр суралцаж буй оюутнуудын дунд “Технологийн дэвшилт тоног төхөөрөмжүүд бидний хэрэглээнд” сэдэвт уралдааныг анх 2013 онд санаачлан зохион байгуулж байжээ. Улмаар уг уралдаанаа өнгөрсөн онд “ИННОМЕД” нэрээр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн аж.
Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр ажиллахаар суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэн, тэднийг хөгжүүлэх, бие биедээ харилцан мэдээлэл солилцох, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “ИННОМЕД-2015” уралдаанд оюутнууд дурангийн оношилгоо, мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулахын болон дүрс оношилгооны тоног төхөөрөмж гэсэн чиглэлээр судалгаа хийн, оролцсон байна. Уралдааны үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээлэл технологи ЭТТ-ийн ахлах мэргэжилтэн С.Зоригоо “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлийг эзэмшихийг зорьж буй оюутан залууст нийгмийн идэвхи болон урам хайрладаг энэхүү үйлсэд талархаж явдгаа илэрхийлье” хэмээн ярилаа.
“Технологийн дэвшлийг Монголд” уриатай ажилладаг “Медимпекс Интернэйшнл”-ийнхэн дээрх уралдааныг анх зохион байгуулах үед оюутнуудыг төгсөөд ажлын байранд очиход нь “угтах” эмнэлгийн тоног төхөөрөмжтэй ойртуулсан үр дүнтэй байсныг шүүгчид, багш нар болон оролцогчдын зүгээс онцолж байжээ. Тэгвэл 2014 оны уралдааны онцлог нь Монгол Улсад ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалт болон тэдгээрийн хүчин чадалд харьцуулалт хийсэн нь ихээхэн ач холбогдолтой байсан аж. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэдлэг өгөх, тэдний шинэ бүтээлийг урамшуулах нь “ИННОМЕД” уралдааны ач холбогдлыг илтгэнэ. Оюутнууд сурсан, судалснаа амьдрал дээр хэрэгжүүлж буй учраас тэр.
“Медимпекс Интернэйшнл” компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах “Медимпекс Эрүүл мэндийн худалдааны төв”, “Медимпекс засварын төв”-өөр хэрэглэгчдэдээ үйлчилдэг юм билээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард нээсэн “Медимпекс засварын төв”-өөр үйлчлэхээс гадна дуудлагаар болон гэрээ байгуулах нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг байна. Дашрамд дурдахад, Та даралтын, сахарын болон утлагын аппаратаа засварын төвд авч очин засуулах боломжтой гэсэн.
“ИННОМЕД-2015” уралдааны үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо.
“Медимпекс Интернэйшнл” компанийн дэд захирал Н.Оюундэлгэр:
-Өнөөдөр бид технологийн эрин зуунд амьдарч байна. Технологи маш хурдацтай, өдрөөр биш, цагаар ч гэж хэлж болохоор өөрчлөгдөж байгаа. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны ололт амжилтууд нэвтэрч байна. Бид Монгол Улсын зах зээлд зөвхөн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх төдий биш, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчдийг тодорхой хэмжээгээр чадавхижуулах зэрэг ажлыг цогцоор нь хийхийг зорин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, уян дуран, сэхээн амьдруулах, зүрх судасны гэх зэрэг тодорхой чиглэлийн эмч нарын нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг. Үүнээс гадна одоо бэлтгэгдэж буй оюутан залуусыг чадавхижуулахад анхаарах үүднээс гурван жилийн өмнөөс “ИННОМЕД” уралдаан зохион байгуулж эхэлсэн.
Энэхүү уралдаан нь залуу боловсон хүчнийг ажлын талбарт гарахад нь ямар салбар хүлээж байгаа, ажиллах тоног төхөөрөмж нь аль шатанд хүрсэн, эрдэмтэн, багш нараас суралцаж байгаа цагтаа юуг алдалгүй сурч, мэдэж авах ёстой юм бэ гэдэг мэдлэг, мэдээллийг багахан ч болтугай өгөх ач холбогдолтой. Анх бид уралдаанаа гурван шаттай зохион байгуулж байх үед оюутнуудын мэдээлэл хангалтгүй, практик талаас асуудалд хандаж чадахгүй байдал түгээмэл байсныг хэлэх хэрэгтэй. Шүүгчээр ажиллаж байсан эмч нар, инженерүүд оролцогч оюутнуудад маш их мэдээлэл өгч, наад захын практикийн ач холбогдолтой зөвлөмжүүдийг өгч чиглүүлж байсан. Гурван шаттай уралдааны үеэр нэг шатнаас нөгөө шат хүртэлх богино хугацаанд оюутнууд мэдээлэл авсны үндсэн дээр дараа дараагийн шатуудад өөрсдийгөө сайн бэлтгэж орж ирсэн. Ингээд тэмцээн маань зохион байгуулагдаад гурван жил болох хугацаанд оюутнуудын илтгэлийн чанар сайжирч байгаа нь анзаарагдаж байна. Тэд асуудал хөндсөн сэдэв сонгож, түүнийг шийдвэрлэх гарц хайж байгаа нь сайшаалтай. Ер нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд тийм ч олон биш.
Манай улсад ходоодны, хоол боловсруулах системийн өвчлөл, хорт хавдрын тохиолдол маш их байгаа. Уян дурангаар хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой. Технологи ийм боломж олгож байгаа. Хэрэв эрт үед нь илрүүлсэн бол хавдрыг мэс заслын аргаар хуулж аваад хүн амьдрах боломжтой. Гэтэл хүмүүс мэддэггүй, хамгийн гол нь энэ нь мэдээлэл хангалтгүйтэй холбоотой болов уу. Гадаадын орнуудад 40-өөс дээш насны хүмүүс жил бүр үзлэгт ордог. Харин манайд өвдөж эхлэх үед нь эмнэлэгт хандахад оройтсон байдаг. Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уян дурангийн тасгийг тохижуулж, шаардлагатай багаж төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд очиж, Японы “Olympus” фирмийн NBI технологитой дурангаар 150 өвчтөнд дурангийн оношилгоо хийсэн. Ер нь иргэд тэр бүр оношилгоонд хамрагддаггүй, тэдэнд мэдээлэл хэр хүрдэг, бас тоног төхөөрөмж байна уу, түүнийг нь ажиллуулж чадаж байгаа юу гээд асуудал бий. Тэр үед хэд хэдэн хавдрын эрт үеийн тохиолдлыг илрүүлсэн, өөрөөр хэлбэл, тэр хүмүүсийн амийг аварч байна гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн өндөр технологи бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг өвчилсний дараа бус, өмнө нь эсвэл эрт үед нь ашиглахад илүү үр дүнтэй гэдэг талаас нь хүмүүс хандмаар санагддаг. “Медимпекс Интернэйшнл” компанийн хувьд тоног төхөөрөмжийн үйлчилгээний салшгүй нэг хэсэг болсон инженерийн үйлчилгээг сайжруулах, тэр дундаа залуу боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийнхөө боломжоор ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү “ИННОМЕД” уралдаан юм.
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Дүрс оношилгоо, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэнхимийн эрхлэгч Ц.Мягмарнаран:
-“ИННОМЕД” уралдаанд манай сургуулийн оюутнууд гурван жилийн турш оролцож байна. Уг уралдаан жилээс жилд эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан онцлогтой болж байгаа. Энэ нь ихээхэн давуу талтай. Судалгаанд суурилж байж аливаа зүйлийг үндэслэлтэй хийхэд дөхөм болно шүү дээ. Уралдаанаар дамжуулаад оюутнууд маш их мэдлэг, мэдээлэл олж авч байгаа. Манай оюутнууд эмнэлгийн тоног төхөөрөмжийн үр ашиг, хэрхэн зөв оношилгоо эмчилгээ явуулах, мөн аюулгүй байдлыг хангах талаар судалсан.
Өнгөрсөн онд манай оюутнууд “ИННОМЕД” уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Тэд цацраг туяаны хор, үйлчлүүлэгч ямар тун авбал хортой, шинжилгээний явцад хэр хэмжээний тун ялгардаг юм бэ гэдгийг судлаад, дүгнэлт гаргасан. Тус “Ангиографийн цацрагийн хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт өгүүллийг АШУҮИС-ийн “Сувилахуйн боловсрол судлал” сэтгүүлийн ирэх аравдугаар сарын дугаарт хэвлэхээр болсон. Манай оюутнуудын бүтээл маш өндөр, олон шалгуурыг хангаж байж хэвлүүлэх эрхтэй болоод байгаа. Сургуулиа төгссөн оюутнууд маань улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд ажиллаж байна. Тэд дүрс оношилгооны тасгийнхаа тунгийн хэмжээг хэвийн зохистой байлгах бүхий л арга хэмжээг авч чадаж буй нь энэ уралдааны ач тус гэж би боддог. “ИННОМЕД” уралдаанд оролцож оюутан байхдаа олж авсан мэдлэг нь тэднийг ажлын байран дээрээ судлаач, шинийг эрэлхийлэгч болгоход чиглүүлж өгч байгаа.
Энэ жил манай сургуулиас “ИННОМЕД” уралдаанд гурван баг оролцлоо. Уг уралдааныг цаашид үндэсний хэмжээний уралдаан болгоосой гэж хүсэж байна. Уралдаанаас шалгарсан өгүүллийг олон улсын эрдэм шинжилгээний хуралд илгээж, гадаад орнуудын мэргэжилтнүүдтэй харьцуулахад бидний түвшин ямар байгааг харьцуулж хүчээ сорих боломж олгодог болбол маш том “хаалга” болно. “ИННОМЕД” уралдааныг санаачлан зохион байгуулж буй нь бусадтай мэдээлэл хуваалцах том гарц нээж өгч байгаа.
“Хүрээ” дээд сургуулийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн IV курсийн оюутан Д.Одгэрэл:
-Би хоёр дахь жилдээ “ИННОМЕД” уралдаанд оролцож байна. Энэ жил эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэмтлээс урьдчилан сэргийлж, аппаратын хяналт шалгалтыг зөв хийх, түүнээс урьдчилан сэргийлэх ямар үзлэг, үйлчилгээ хийх нь зүйтэй талаар судалсан. “Оношилгооны уян дурангийн хяналт шалгалтын төхөөрөмж” судалгаагаа хийхдээ хувийн болон улсын 10 эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзсан. Дуран ашиглаж буй орчин нөхцөл ямар байна, түүнээс шалтгаалж ямар гэмтэл гарч байгаа зэргийг судалгаандаа багтаасан. Оюутан байхдаа эмнэлэгт дадлага хийх боломж манай аль ч сургуулийн оюутнуудад хомс байдаг гэж би боддог. Энэ уралдаанд оролцож, эмнэлгүүдээр судалгаа хийж, эмч, инженерүүдтэй уулзаж явахдаа сурч байгаа мэргэжлийнхээ талаар олон зүйлийг дэлгэрүүлэн мэдэж, цаашид ямар чиглэлд анхаарч хичээх ёстойгоо илүү ойлгосон. Хичээлдээ суугаад явж байсан бол мэдэж чадахгүй байсан маш олон шинэ зүйлс, мэдлэг, судалгаа хийх анхны ойлголттой болсондоо баяртай байгаа. “Медимпекс Интернэйшнл”-ийн ах, эгч нарт баярлалаа.
Ц.Болор