Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байгааг албаныхан дуулгалаа. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөх юм байна. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх зургаан настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.