Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт тусгасан “Аймгийн хэмжээнд орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хороолол барьж, 1000 айлыг орон сууцжуулах” зорилт энэ онд бүрэн биелж байгаа аж. 2012 оноос 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл Арвайхээр, Хархорин, Хужирт суманд 979 айл шинэ орон сууцанд орж, иргэдийн амьдрах нөхцөл сайжирсан байна. Мөн 2015 он гарсаар 183 айлын орон сууцны дөрвөн барилгыг ашиглалтад оруулаад буй гэнэ. Тодруулбал, Арвайхээр хотод цагдаагийн алба хаагчдын 53 айлын “Шонхор таун”, 43 айлын есөн давхар “Гэгээн таур”, “Цуурайт гол” компанийн 27 айлын орон сууц, Хархорин суманд “Хархорин өргөө” компани 60 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулсан байна. Үүнээс гадна 192 айлын дөрвөн орон сууц барих ажил 10-60 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж буй гэнэ. Эдгээр орон сууцыг ашиглалтад оруулснаар тус аймгийн 1000 айлын орон сууц барих зорилт бүрэн хэрэгжиж буй юм байна.