Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үндэсний статистикийн хорооны тооцоолсноор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 9.4 жилээр дутуу үзүүлэлт юм. Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Эр хүн та эрүүл бол өрх гэр эрүүл” урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр “Түрүү булчирхайн хоргүй томрол” сэдвээр мэдээлэл өгч, дотрын эмчийн үзлэг, чих, хамар хоолой, мэс заслын эмчийн үзлэг, сахарын хэмжээ тодорхойлох, ЭХО, ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээ, жин, өндөр, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үзлэг үнэ төлбөргүй хийжээ. Эрэгтэйчүүдийн амьдралын чанар, дундаж наслалтад түрүү булчирхайн үрэвсэл, хавдар ихээхэн нөлөөлдөг юм байна. Үзлэг, шинжилгээнд дүүргийн Цагдаагийн I, II хэлтсийн 250 алба хаагч хамрагджээ. Цагдаагийн алба хаагчдын цаг наргүй ажилладаг онцлогийг харгалзан тэдний эрүүл мэндийн төлөө уг ажлыг зохион байгуулж байгаад нь дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвийнхэнд Цагдаагийн хэлтсийн хамт олноос талархаж буйгаа илэрхийлсэн байна.
 
                     
                     
                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            