Дэлхийн Банкны санхүүжилтээр Японы Хүүхдийг Ивээх сангаас Өвөрхангай аймгийн 10 суманд “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй аж. Тус төслийн хүрээнд Хүүхдийг ивээх сангаас аймгийн төв номын сантай хамтран “Миний номын өргөө” төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төсөлд Арвайхээр хотын цэцэрлэгт хамрагддаггүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдээс таван настай 30 хүүхдийг сонгож хамруулах аж. Эдгээр хүүхдүүд оюун ухаан хөгжүүлэх тоглоом, үлгэрийн болон зурагтай ном бүхий 10 багцыг гурван сарын турш ээлжлэн хэрэглэж, тоглож, зурж сурах юм байна. Түүнчлэн 10 багцаас тус бүр нэг ширхэг багц төв номын санд тогтмол байх бөгөөд уг төсөлд хамрагдаагүй ч сонирхсон хүүхэд багачууд, эцэг, эхчүүд үйлчлүүлэх бүрэн боломжтой гэнэ.