Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөр, Орон сууцны ипотекийн зээлийн түр журам, Барилгын хуулийн төсөл, Хот тосгоны ногоон байгууламжийн тухай хууль зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хувьд боловсруулсан журмын төсөлд яамдаас санал авч засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь орон сууцны ипотекийн зээлийн журам байлаа. Зээлийн хугацаа 20 жил байсныг журмын төсөлд 30 болгох, 80 ам метр талбайн босгыг чөлөөлөх тухай хэлэлцэв. Ингэхдээ иргэн байрныхаа 80 ам метр хүртэлх талбайг найман хувийн зээлд хамрагдан авах бөгөөд түүнээс дээших талбайг арилжааны банкны хүүгээр бодуулах тухай тусгах болов. Урьдчилгаа төлбөр нь 10 хувь байх аж. Үүнээс гадна дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор барилгын зарим материалын гаалийн тарифыг нэмэх, барилгын материалын зарим үйлдвэрийн түүхий эдийн гаалийн тарифыг тэглэх тухай асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлах болсон байна.