Төв Африкийн хойд, Сахарын өмнөд, Экваторын хойд хэсэгтэй залган орших Судан (Зүүн Африкийн Судан улстай андуурч болохгүй) хэмээх бүс нутагт харьяалагддаг Сахель (Сенегал, Мали, Мавритан, Алжир, Буркина Фасо, Нигер, Нигери, Камерун, Чад, Судан, Эритрей зэрэг орны нутаг дэвсгэр дээр байрладаг газар/-д амьдардаг Якуба Савадого цөлийг ногооруулах чин хүсэлдээ хөтлөгдөн сүүлийн 20 жилийн турш газартай “ярилцаж”, аргадаж, цаг агаарын хүнд нөхцөлийг үл ажран яваа баатар аж. Баатар хэмээсний учир нь тэрбээр үнэхээр зорьсондоо хүрч чадсан бөгөөд түүний тарьсан моднууд хэдийнэ олон төгөл болж, сансрын зурагт ч харагдаж байгаа гэнэ. Тэрбээр цөлийн хатсан хөрсний шимийг нэмэгдүүлэхээс ажлаа эхэлсэн гэнэ. Түүнд жижиг хүрз, жоотуунаас өөр зэвсэг үгүй. Гэхдээ хамгийн чухал зэвсэг болох чин хүсэл, газар дэлхийгээ гэсэн хайр, итгэл нь цөлийг ногоон өнгөтэй болгож байгаа гэж тэрбээр тайлбарладаг.
1980-аад оноос Сахель хатаж эхэлсэн бөгөөд үүний улмаас тэндхийн ургамал, амьтан эрчимтэй устсан аж. Тус бүс нутгийн чухал хэсэг Саваннагийн ургамлын аймгийн 80 хүртэлх хувь нь хатаж, үгүй болж, Сахель тэр чигтээ цөл болон хувирсан энэ үзэгдлийг байгалийн ядуурал хэмээн тодорхойлсон байдаг. Оршин суугчид нь ийш тийш нүүснээр нутаг нь эзгүйрчээ. Хэн ч цөлийн ширүүн довтолгооныг зогсоох гэсэнгүй, хөсөр хаяв. Харин Якуба хэд хэдэн худаг гарган, хатсан газрыг аргадан, модны үр суулгаж, уйгагүй хөдөлмөрлөснөөр зах зухаас нь үр дүнд хүрчээ. Үүнд урамшсан тэрбээр ногоо тариалж, ургац ч авав. Түүний ачаар Саввана сэргэж, 1980-аад оноос шавхагдан барагдсан газрын доорх уст давхарга ч амилж, хөрсний чанар нь сайжирсан гэнэ. Түүний хөдөлмөрийг хүмүүс ойлгон дэмжиж, олон улсын мэргэжилтнүүдийн анхааралд өртжээ. Тэд түүний талаар 2010 онд “Цөлжилтийг зогсоосон хүн” баримтат кино хийжээ.