Баянгол дүүргийн XII хороо буюу VI бичил хорооллын 27-гийн А, Б, В гэсэн дөрвөн давхар байранд 83 өрх амьдардаг. Ашиглалтад ороод 10 жил ч болоогүй. Тус байрны оршин суугч Ц.Батболд санаачлан эдгээр байрнуудад нэмж нэг давхар барихаар болж, СӨХ-тойгоо гэрээ байгуулжээ. Гэвч үүнийг нь эсэргүүцсэн иргэд ШӨХТГ-т хандсанаар, тус газар шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Мөнхдөл” СӨХ нь барилгын давхрыг нэмж, өргөтгөхөөр оршин суугчдаас санал авсан гэх боловч тухайн үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй байсан аж. Түүнчлэн захиалагч Ц.Батболд нь барилга барих, эхлүүлэх, үргэлжлүүлэх эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, дүгнэлтгүй байжээ. Иймд холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагын шийдвэр гартал үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.