Баянгол дүүрэг байгуулсаны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс “Түмний итгэл Сумади” төрийн бус байгууллагатай хамтран “Аз жаргалтай гэр бүл 4” сайн үйлсийн аяныг өнөөдөр хэрэгжүүлэв. Уг аяны хүрээнд 2015 онд амьжиргааг нь дээшлүүлэхээр сонгосон 23 хорооны зорилтот бүлгийн 47 өрхийн 47 ахмад настанд 2.5 сая төгрөгийн хүнсний тусламж үзүүлэв. Мөн тус дүүргийн 11 дүгээр хорооны өрх толгойлсон нэг эмэгтэйд 2.5 сая төгрөгийн үнэ бүхий таван ханатай гэр, хүнс, хувцасны тусламж үзүүлсэн байна. “Тус үйл ажиллагааны үр дүнд Баянгол дүүргийн нэн ядуу зорилтот бүлгийн 47 өрх хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангагдлаа. Өөрийн гэсэн гэр оронгүй, дөрвөн хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй болох Б.Одхүүг шинэ гэртэй болгож амьжиргааг нь дээшлүүлснээр тухайн өрхийн гишүүд сэтгэл амар амьдрах боломж олгож сэтгэлийн дэм хайрласан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо” гэж аяныг зохион байгуулагчид тэмдэглэж байна.