2010 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумыг 30 өрхийг бүлгийн зохион байгуулалтад оруулж “Өрхийн тариалан 1” төсөл хэрэгжүүлж байжээ. Энэ хүрээнд сумын нэгдсэн тариалангийн 3.5 га талбайн хөрсийг боловсруулж, хайсжуулан, усалгааны асуудлыг шийдэж, тариалалтын арга технологи болон техник тоног төхөөрөмж нийлүүлж, бүх талаар дэмжиж ажилласан байна. Үүний үр дүнд тус суманд газар тариалан эрхлэгчид нэмэгдэж, төмс, хүнсний ногооны хэрэгцээг орон нутагтаа бэлтгэх боломж бүрдсэн аж. Тэгвэл сумын тариаланч Ц.Эрдэнэбат энэ оноос төслийг дахин хэрэгжүүлэх санал санаачлагыг уг төслийн багт гаргаснаар “Өрхийн тариалан 2” төсөл хэрэгжүүлэх болсон байна. Хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд бүлийг шинээр зохион байгуулах, хөрсний дахин боловсруулалт хийх, хашаа, хайсыг шинэчлэх, усалгааны систем бий болгох, үрийн дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах зэрэг ажил гүйцэтгэх юм байна. Мөн уг төслийн багт мэргэжилтний зүгээс “Агропарк” төслийн үйл ажиллагаа болон НҮБ-ын санхүүжилтээр хийсэн малын тэжээл тариалах 10 га талбайн ашиглалтад бүх талаар дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасаныг нааштайгаар хүлээн авчээ.