Сэлэнгэ аймгийн нутаг дахь Тужийн нарсны 17492 га талбайд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд мод тарьсан бол 5800 га талбайн ой байгалийн аясаар нөхөн сэргэжээ. Бугын эвэр, самар, жимс түүгчид, хулгайгаар мод бэлтгэгчид, хууль бус анчид, аялагч зугаалагчдын алдсан түймэр, хортон шавьж зэргээс болоод 1990-1997 оны хооронд Тужийн нарсны 70 хувь нь устсан аж. 1997 оноос энэ ойг нөхөн сэргээх хөдөлгөөн өрнөж эхэлсэн түүхтэй. 2002 онд УИХ 39 дүгээр тогтоол гаргаж, Тужийн нарсыг байгалийн цогцолборт газрын ангилалд бүртгэн, 70.805 га талбайг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авчээ.
Тужийн нарсыг нөхөн сэргээх, хашаандаа мод тарихад нь хүмүүст туслах үүднээс Сэлэнгэ аймагт иргэд хувиараа мод үржүүлгийн газар байгуулсан байна. Эндээс хүмүүс, албан байгууллагууд нарсны суулгац худалдан авч, Тужийн нарсанд тусгайлан зааж өгсөн талбайд тарьж хэвшчээ. Энэ жилийн мод тарих хугацаа тавдугаар сарын 15-нд дуусна. Гэхдээ ойрд хүйтэн байгаа учраас мод тарих хугацааг 10 хоногоор сунгаж болно хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд Тужийн нарсанд мод тариад эхэлжээ.