Дорнод аймгийн тариаланчид талбайдаа гарч эхэлжээ. Баянтүмэн сумын “Дорнод шим агро” ХХК 400 га талбайд улаан буудай суулгаад байна. Энэ аймгийн газар тариалангийн гол бүс Халхгол сумын тариаланчид ирэх долоо хоногоос ажилдаа гарахаар техник хэрэгслээ засаж байна. Өнөө хавар Халхголд “Дорнод гурил”, “Үйзэн тал”, “Алтай групп”, “Мөнх тал”, МАК, “Соёмбо буудай”, “Нью ариг ус” зэрэг компани нийт 50 мянган га талбайд ургамал тарина. Нийт талбайн 50-иас дээш хувьд улаан буудай, 25-аас ихгүй хувьд тосны ургамал, үлдсэн хэсэгт нь бусад үр тариа тарихаар төлөвлөж буй аж. Тариаланчид өнгөрсөн зун нийт 35400 га талбайг уриншилсан юм байна.