Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймагт энэ сарын 6-8-нд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоон, Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт хийж байна. Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог, хүн, малын халдварт өвчин их гардаг, тарваган тахлын байгалийн голомттой, хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг энэ нутагт дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүмүүс олноороо суурьшиж байгаагаас сүүлийн үед аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байгаа аж. 2015 он гарсаар 14 удаа галзуу өвчин гарчээ. Өнгөрсөн жил Сант суманд тарваган тахлаар хүн өвчилсөн юм. Тиймээс энэ аймгийнхныг гамшгаас өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх мэдлэгтэй болгохоор зорьж буй аж.
Өчигдөр өглөө аймгийн хэмжээнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллуулан, гамшгаас хамгаалах 11 алба, мэргэжлийн 29 ангийн 6600 гаруй хүнийг цуглуулан, боом, тарваган тахал гарсан үед хорио цээрийн дэглэмийг хэрхэн тогтоохыг үзүүлж, дадлагажууллаа. Энэ арга хэмжээнд аймгийн төвийн 11 багийн 110 иргэн хамрагдаж байна. Мөн сургуулилалтад бэлтгэхдээ Арвайхээр сумын 14 мянга гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх дадлага хийжээ. Газар хөдлөх үед болон дараа нь гамшигт нэрвэгдэгсдийг хэрхэн аврах, сэргээн босгох ёстойг үзүүлж, дадлага хийх аж. Энэ үеэр Зүүнбаян-Улаан сумын иргэдийг нүүлгэн шилжүүлж турших юм.