Сүхбаатар дүүргийн нутаг, Долоон буудлын замд хичээлдээ явж байсан 12 нас охиныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөлийн Цагдаагийн хэсгийн 00-23 СЭҮ дугаартай автомашин дайрч амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн намар олны анхаарлыг татсан. Уг хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, уг автомашины жолооч, ахлагч Ц.Ууганбаатарыг ослын буруутнаар тогтоолоо. Түүнд шүүх жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял шийтгэв. Өмнө нь анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд хохирогч, тэдний өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу Цагдаагийн хэсгийн дарга Б.Саранбаатарыг шалгах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.Харин нэмэлт мөрдөн байцаалтаар дээрх Цагдаагийн хэсгийн машин албан ажлаар нийслэлд ирээгүй, хувийн зорилгоор ирснийг тогтоож, зорчигчийн илт хууль бус шаардлагыг жолооч хэрэгжүүлэхдээ хүний амь хөнөөсөн гэж дүгнэжээ. Тиймээс прокуророос Б.Саранбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж.