Өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ гэх хүлээлттэй байв. Гэвч тэр мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд бараг л мэдэгдэл хийх дайтай байр суурь илэрхийлж, тун идэвхтэй оролцов. Тус хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг эрх барих хугацаандаа хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэж, цаашид эрчимжүүлж ажиллах, эсэхийг ярилцсан хэрэг.
МАН-ын бүлгээс энэхүү тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ урьд өдөр нь албан ёсоор илэрхийлсэн бөгөөд өчигдрийн хуралдааны эхэнд тус бүлгийн гишүүн Су.Батболд “Ийм тогтоол гаргах шаардлагагүй, үр дүнгүй зүйл” хэмээснээр экс Ерөнхий сайдын “мэдэгдэл” эхэлсэн.
Н.Алтанхуяг: -Су.Батболд гишүүн ингэж хэлсэнд гайхаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатай баталдаг. Ардын Нам хамтарсан Засгийн газарт орчихоод энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм уу. Аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоос татгалзаж байгаа юм уу. Орон нутгийн хөгжлийн санд мөнгө нэмэхийг эсэргүүцэж байгаа юм уу. АН, МАН хамтран Засгийн газар байгуулснаараа шинэ мөрийн хөтөлбөртэй болох гэж байгаа бол хийх хэрэгтэй. Уг нь тэгэх ёсгүй л дээ. Та нар өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг Н.Алтанхуягийнх, эсвэл шинэчлэлийн Засгийн газрынх гэх нь хамаагүй, АН, МАН хууль хэрэгжүүлж, хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусгах ёстой. Үүнийгээ ойлголцохгүй юм уу. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эрчимжүүлэх бус, тушаа болж, чөдөрлөх гэж байгаа бол больцгоосон нь дээр. АН, МАН хамтарснаар хөтөлбөрт ямар нэмэлт, өөрчлөлт орсон юм бэ. Хэр мөнгө дутсанаас болж хөтөлбөрөөс юу юу нь хэрэгжихгүй гэж үзсэн юм бэ. Тийм бол тэрийгээ бидэнд хэзээ танилцуулсан юм бэ. Зургаан сар хамтарчихаад өнөөдөр гэнэт өмнөх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагагүй, мөнгө байхгүй гэж байгаа нь туйлын хариуцлагагүй. Өмнөх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчимжүүлэх үү, эсвэл үгүй юм уу, С.Баярцогт оо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж дууссан. Одоо Байнгын хороо тогтоолын төсөл санаачлан хэлэлцэж байгаа юм. Тэгэхээр Байнгын хороонынхоос асуух нь зүйтэй.
Н.Алтанхуяг: -С.Баярцогт оо, битгий бултаад бай. Та нар хамтарч, Засгийн газар байгуулсан. Байнгын хороонд хамтраагүй. Та бол хамтарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Хамтарчихсан намын гишүүн юм хэлэхээр айгаад суух юм. Зэрэгцэж суучихаад өмнөх Засгийн газрынхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж байгаа нь шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлж, хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэхгүй, зогсооно гэсэн үг. Одоо МАНАН, будангийнхаа учрыг олсон нь дээр. Хайран зургаан сар. Үлдсэн жил гаруйн хугацаанд мөнгө байхгүй юм чинь юугаа хийх вэ гэх юм байна л даа.
С.Баярцогт: -Н.Алтанхуяг гишүүн өмнөх хуралдааны үеэр ингэж асуухад нь тов тодорхой хариулсан. Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр баталдаг. Харамсалтай нь 1990 оноос хойш дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газар хоёрхон. Ямар ч тохиолдолд хөтөлбөрийг тодотгож, өөрчилдөггүй. Дараагийн Засгийн газар нь үргэлжлүүлдэг. Санхүү, эдийн засгийн хямралтай байсан 2008-2009 онд Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрөөс гадна ОУВС-тай хамтран 18 сарын тогтворжуулалтын, УИХ-аас баталсан хямралаас гарах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тэдгээрийг тухай бүрт нь УИХ-д тайлбарлаж байсан. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр, түүнийг хэрэгжүүлж байгаа.
Н.Энхболд: -Огцорсон Засгийн газрын ажлыг хэлэлцэх боломжгүй. Тэртэй тэргүй дүнг нь тавьчихсан. Н.Алтанхуяг гишүүн “Та нар, та нар” гээд байх юм. Та чинь АН-даа байгаа биз дээ.
Су.Батболд: -Уутаа хэчнээн сэгсрээд юу ч гарахгүй байна. Н.Алтанхуяг гишүүний хэлснийг хийж болно. Гэхдээ улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөр болчихсон. Санхүүгийн чадавх алга. Өчигдөр (өнгөрөгч мягмар гариг) ҮАБЗ-ийн хуралдаанаар яаж цалин, тэтгэврээ тавихаа ярьсан биз дээ. Юун эрчимжүүлэх, юун сумын төв шинээр барих вэ.
Н.Алтанхуяг: -Та хэд хамтарчихвал маргааш нь мөнгө ундрах юм шиг ярьсан шүү дээ. Бодит байдлаа ойлгосон бол яая гэх вэ. Хөтөлбөрөөс чухам алийг нь хэрэгжүүлж, алийг нь хойш тавих вэ гэдгээ зааглаж, Засгийн газарт танилцуулах ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт МАН-ынхан хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Тэгвэл “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг шиг эртхэн зайгаа тавьж өгч, хариуцлага хүлээх хүмүүс нь үлдсэн нь зөв гэж бодож байна. МАН-ынхан энэ төслийг дэмжихгүй гэхээр Засгийн газарт яаж хамтардгийг нь ойлгохгүй юм. Хамтарсан бол хийсэн шиг хий, хийхгүй бол салсан шиг сал. Явж явж АН л хариуцлага хүлээнэ шүү.
Зургаан сарын дараагаас МАН-ынхан ямар хөтөлбөр билээ гэлцэж байна шүү дээ. Та нар хоёр толгой, эсвэл мөнгө л ярьдаг болж. Яах гэж хүчээ нэгтгэе гэсэн юм бэ. Одоо эрчимжүүлэх мөнгө байхгүй гэж юугаа яриад байгаа юм бэ. Ийм шалтгаанаар ажлаа зогсоож болохгүй. Хэрэгжих боломжгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тийм бол тэрийгээ УИХ-д оруулж ирэх ёстой. Ер нь хоёр Энхболд хамтарч байгаа бол гялалзуулчихаач. Чадахгүй бол больцгоо. Хоёрын хооронд, үхээнц, үлгэн салган байх хэрэггүй. Бодитой зүйл хийвэл дэмжмээр байна. Би энэ тухай АН-ынханд ч олон удаа ярьсан. Хөтөлбөр дөрвөн жилээр хэрэгжих ёстой болохоос бус, дундаас нь нэг намтай хамтарч, дундаасаа нэг цаас гаргачихаад “ингэж хийнэ гэж тохирсон” гэж яриад сууж болохгүй. Намуудын дарга нарын гарын үсэг зурсан цаас юу ч биш. Гишүүдийн байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжсэнгүй.
Б.НОМИН