Швейцарь улсын Женев хотноо 2015 оны тавдугаар сарын 5-ны өдөр 14.30-18.00 цагт хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.
Хуралдаанд үг хэлсэн ихэнх улс орнууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн анхны хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тавьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж, цаашид ололт амжилтаа бататгах, эрх зүйн шинэчлэлээ эрчимжүүлэхийг зөвлөлөө.
Тус хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн нийт 68 улсын төлөөлөгчид цаазаар авах ялыг бүрмөсөн халах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэргээс хасах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд, бичил уурхайчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон малчдын эрхийг хангах, хамгаалах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчлийг таслан зогсоох, энэ хүрээнд бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн боловсролыг бүх түвшинд, ялангуяа төрийн албан хаагчдад олгох, хүний эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг дэвшүүлж, зөвлөмж өглөө"
Энэ удаагийн хуралдаанд анхны хэлэлцүүлэгт оролцож зөвлөмж өгч байсан орнуудын тооноос 1,5 дахин их улс орон оролцож, асуулт асууж, зөвлөмж өгсөн байна.