Туул гол тасалдаж эхэлсэн тухай өнөөдөр Усны газрын дарга асан З.Батбаяр олон нийтэд мэдээллээ. Монгол Улсын төв, хойд хэсгээр 704 км урт зам туулан урсаж, нийслэлийн сая гаруй иргэнийг ундны усаар хангадаг Туул гол Баянзүрхийн ойролцоох ургалаас эхлэн тасалдаж эхлэн, тасрах аюул нүүрлээд байна.
“Хатан туул голоо хамгаалья” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Жагар “Эдийн засгийн хямралаар далимдуулж байгаль орчны системийг устгах гэсэн бодлогууд хаа сайгүй хүчээ авч эхэллээ. Энэ үед бид ч бас хамгаалалтаа улам нарийсгах болно. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олгосон явдал бол хууль бус. Шувуун фабрик орчимд 70 га газрыг хууль бусаар олгосон бөгөөд тус байгууллага нутгийн иргэдэд “зөвхөн 10 га газарт олборлолт хийнэ, үлдсэн 60 га талбайд соёл амралтын хүрээлэн барьж өгнө” гэсэн. Яг одоогийн байдлаар ойролцоогоор 50-60 метрийн ухалт хийгдсэн, хамгаалалтын шонг ч хайхралгүй ухаад эхэлчихлээ” гэж ярилаа.
“Туул голыг дархан цаазат газраар бүртгүүлэх саналыг анх 2007 онд УИХ, ЗГ-т өгч байсан ч бүртгэгдээгүй. Усны асуудал хариуцсан Усны газрыг 2012 онд татан буулгаж, уул уурхайн яам байгуулсан. Туул голын сав газрын захиргаагаар дамжуулан нийт 26 сав газрыг хамгаална гэсэн боловч бодит байдал дээр үр дүнгээ өгөөгүй, 1999 оноос хойш яригдаж байж батлагдсан ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам одоог хүртэл хэрэгжүүлж чадахгүй байгаагаас Туул, Сэлбэ голын урсац тасрах болоод байна. Цаашилбал, “Энгийн иргэд Туул, Сэлбэ голын орчимд нэг метр газар өмчлөх гэвэл ямар ч боломж байхгүй. Учир нь энэ бол хамгаалагдсан бүс. Харин ямар хүмүүст 70 га газар олгоод байна вэ, усаа хамгаалах цаг ирээд байна” гэж Усны газрын дарга асан З.Батбаяр онцлон хэлсэн юм.
Тиймээс Туул голыг яаралтай Дархан цаазат газар болгох шаардлагатай байгааг дуулгалаа Мөн Туул голын хамгийн их бохирдолтой хэсэг Сонгино хайрхан, Био комбинат аж.

З.Батбаяр хэлэхдээ “110 гаруй арьс шир, өлөн, ноос угаах үйлдвэр нууцаар ажиллаж байна гэсэн мэдээлэл албан бусаар ирээд байна. Эхний ээлжинд үйлдвэрүүдийг нүүлгэх хэрэгтэй юм. Мөн туул голын эрэг дагуу томоохон компаниудын орон сууцны хороолол босох боломжийг хаах нь чухал. Энэ нь усны нөөцөт маш ихээр нөлөөлдөг. Тиймээс Туул голыг дархан цаазат газар болгох шаардлагатай байна. Сэлбэ голын зүүн хашлага дээрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр эхэлдэг. Баруун эргээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвгэр эхэлдэг юм. Үүний дунд Сэлбэ гол эзэнгүйдэж байна” хэмээв.
Мөн энэ үеэр таримал ой модыг үл хөдлөх хөрөнгөтэй ижил бүртгэдэг болох санал дэвшүүллээ.
М.Болор