Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.05.13/ үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм.
Дараа нь Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулга хийсэн юм. Уг тогтоолын төсөл нь нийт 3 заалт, 1 хавсралттай бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэгтэй юм.
Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцийг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээнүүдийг тусгажээ. Засгийн газар ирэх онд макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд барих, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4 хувь байлгахаар төлөвлөж байгаа аж.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсангүй. Учир нь үндсэн чиглэлийн төслийн 21 дүгээр зорилт буюу гадаад бодлогын хүрээнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн хүүхдүүдэд үндэсний хэл, соёлоо судалж сургах хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд олноороо зорчдог улс орнуудад визгүй зорчих боломж бүрдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авах зэрэг түүний гаргасан санал нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад төсөл, хөтөлбөрт туссан гэж байнгын хорооны гишүүд үзлээ. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.