Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.05.13/ үдээс хойш хуралдаж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн юм. Манай улс одоогийн байдлаар БНСУ, БНХАУ, Канад Улс, ОХУ, БНПУ, БНТУ, БНКУ гэсэн 7 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулжээ. Харин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэр ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. 2000 оноос хойш манай улсын 5 иргэн Энэтхэг Улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн хорих ялаар шийтгэгдэж 2011 онд суллагдсан аж. Манай улс БНЭУ-тай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээ”-г 2001 онд тус тус байгуулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Хууль зүйн сайдаас асуулт асууж тодруулсны дараа Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний төслийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймээс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төслийг зөвшилцсөн тухай байнгын санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.