Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 48.500 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувь буурч, өмнөх сараас 1.6 хувиар өссөн үзүүлэлт. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.900 нь эмэгтэйчүүд. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад сард ажилгүй 35.500 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4100 иргэн ажилд зуучлагдан орж, 38.600 иргэн ажил идэвхтэй хайхгүй байна гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 29.4 хувь нь бакалаврын зэрэгтэй бол 44.6 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлдэг бөгөөд дөнгөж 0.9 хувь нь боловсролгүй байдаг гэнэ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Төв, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Ховд, Архангай, Дорноговь, Увс, Өвөрхангай, Завхан аймагт улсын дунджаас 1.2-13.8 пунктээр илүү байгаа аж.