Эх орны дайны ялалтын 70 жилийн баярт оролцож, Москвагийн Улаан талбайд монгол цэргийн ур чадвар, цэрэгжилтийг олон улсад гайхуулж чадсан Зэвсэгт хүчин, хилийн цэргийн 76 алба хаагчид өчигдөр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон тус штабын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа. Цэргийн сүрт жагсаалд оролцсон манай цэргийн алба хаагчдын алхаа, жигдрэлт ямар байсан талаар уншигч, үзэгчид зурагтаараа үзэж өөр өөрсдийн үнэлэлт, дүгнэлтээ өгсөн нь лавтай.
Харин бэлтгэлийн явцад ёслолын жагсаалд оролцсон Серб, Энэтхэг, БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас манайхан илүү байсныг жагсаалын бэлтгэлийг удирдаж байсан Оросын генерал, офицерууд үнэлж байж. Дээрх орны цэргүүдийн алхаа нь Оросын цэргийн алба хаагчдынхтай таарахгүй байсны дээр жагсаалын шугамч цэрэг гаргаж алхуулдаггүй болохоор парадын бэлтгэлд бэрхшээл учруулж байсан гэнэ. Тиймээс манай цэргийн алба хаагчдыг бэлтгэлийн үеэр гадаад орны цэргүүдийн жагсаалын хамгийн эхэнд алхуулж туршлага судлуулж байжээ.
Харин тавдугаар сарын 9-нд улсынхаа нэрийн дарааллаар жагссан аж. Ялалтын 70 жилийн ойн ёслолын сүрт жагсаалд манай Зэвсэгт хүчин, хилийн цэргийн 45 офицер, 25 ахлагч, хугацаат цэргийн таван алба хаагч Улаан талбайд жигдрэн алхсан бөгөөд багийн захирагчаар төрийн хонжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд, салааны захирагчаар ЗХЖШ-ын ХНХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ, ЗХЖШ-ын 311 дүгээр ангийн ар талын орлогч, хошууч Н.Батсүрэн нар алхсан.
Харин Монгол Улсын Төрийн далбааг Улаан талбайд мандуулан алхсан офицер нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Баярцогт бол туг хамгаалагч нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн батальон захирагч, ахмад А.Төгс-Эрдэнэ, 350 дугаар ангийн ажиллагааны офицер, дэслэгч А.Алтантүлхүүр нар байлаа. Манайх Зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс алба хаагчдаа сонгож 45 хоногийн хугацаанд бэлтгэсэн бол гадаадын бусад орныхон хүндэт харуулын ангийн алба хаагчдаа Москвад аваачсан гэнэ.
Дашрамд дуулгахад, Улаан талбайд болсон цэргийн сүрт жагсаалд оролцсон манай дайчид тавдугаар сарын 23-нд тохиох энхийг сахиулагчдын өдрөөр Чингисийн талбайд жагсахаар болжээ.
Г.ЦОЛМОН