Шийдлийн Засгийн газар хавиар “газар хөдлөх” тухай урьдчилсан мэдээ эрчимжиж эхэллээ. Энэ ондоо багтаад л Ч.Сайханбилэгийн танхимд халаа сэлгээ хийгдэх нь. УИХ-д суудалтай бүх намыг Засгийн газарт урихдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөгжлийн томоохон төслүүдээ урагшлуулж, тогтолцоо өөрчлөх гол хуулиудаа батлахыг зорьсон. Бас эдийн засгаа өөд татахын тулд улс төрийн талцалгүйгээр нэгдэж ажиллахыг хүссэн. Гэвч зургаан сар өнгөрөхөд урагшилсан юм нэг ч алга. Үүний оронд хэрүүл талцал, гацаа л байх шив дээ. Харин ч гарах, салах яриа хүчээ авлаа. Түүний танхимаас хэн гарах нь мэдээж тодорхой. Хамтарсан Засгийн газарт орсон цагаасаа л МАН-ынхан гарна гэдгээ үг, үйлдлээр харуулж буй. Улс эх орноо бодоод хамтрах шийдвэр гаргасныхаа дараа тэд эдийн засгийн байдал бодсоноос нь муу байгааг дотроосоо мэдэрчээ.
Тэгээд л буруу булхайг нь дуудаж эхэлсэн. Ийм яриа эрчимжсэн бас нэг шалтаг нь Тавантолгойн гэрээний төсөл. Багагүй хугацаанд гацаж буй энэ асуудлаар АН, МАН-ынхан ойлголцолд хүрч, дундын хувилбар дээр тохирч буй тухай нааштай мэдээ дуулдсан. Гэвч энэ нь МАН Засгийн газарт үлдэх шалтгаан болохгүй бололтой. Тэд яг хаалга хаах үедээ “Бид хэдэн сарын турш хэлсэн, сануулсан шүү дээ. Гэвч болсонгүй, тэд хөдөлсөнгүй” гээд л гүйцээ. Ингэх замаа аль хэдийнэ засчихсан учраас тэр.
СОНГОГЧДЫН ХАРААНААС ХЭН НЬ Ч МУЛТРАХГҮЙ
Өнгөрсөн зургаан сард намууд хамтраад олигтой юм хийсэнгүй. “Бид л орохгүй бол эдийн засаг бүр элгээрээ хэвтэх нь” гээд байсан МАН-ынхан өөд нь татаж дийлэхгүй байгаа гэнэ. Санаачилсан төслүүдийг нь хэлэлцэхгүй, хийсэн гэрээгээ мөрдөхгүй байна гээд л АН-ыг тэд буруутгах нь мэдээж. Бас “Огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжихгүй” гэсэн. Тэд эдийн засгаа, улс орноо аврах гэж хамтарсан хүчин шиг ажиллахгүй байна. Үүний оронд арай ойрын зайн тоглолт хийгээд, АН-ыг “булшлах”-д л анхаараад байх шиг. 2016 оны сонгуулиар сонгогчид энэ хоёр намд адилхан л дүн тавина. Тэдний хараанаас хэн ч мултрахгүй. Эдийн засгаа хямраалаа, өөд татаж чадсангүй гээд АН-ыг хялайж үзэх байх. Гэхдээ улс орон нь хэцүү үед хамтраад ажиллахын оронд хаяад явсан гээд МАН-ынханд баярлаж, илүү санал өгөхгүй л болов уу даа.
За юутай ч МАН-ынхан Засгийн газраас гарахад одоо гайхах хүн үгүй. Тус нам шийдлийн Засгийн газарт зургаан сайд, долоон дэд сайдтай. Энэ бол бүрэлдэхүүний 30 хувь гэсэн үг. Тиймээс МАН гарлаа ч АН болон “Шударга ёс” эвсэл үлдсэн сайд нараа нөхөн томилоод явчихна. Өмнө нь 2011 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуяг “найзууд”- аа аваад танхимаас нь гарахад С.Батболд ч бас тэгж байсан билээ. Тэгэхээр тэд Засгийн газраас гарлаа гээд байдал хүндрээд байх зүйл үгүй. Харин ч АН, “Шударга ёс” эвсэл доторх “хоёрдугаар ээлжийнхэн”-д завшаан болж мэднэ. Богино хугацаанд ч хамаагүй сайд хийж, мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй горилогч цөөнгүй бий.
МАН-ыг засгаас гарах сургаар цахим ертөнцөөр “хоёрдугаар ээлжийнхэн”- ий нэрс цацагдаж эхэлсэн нь үүнийг батална. Алаагүй баавгайн арьсыг хуваахдаа гарамгай улс хойно, манай улстөрчид.
АН-ЫНХАН МАН-ААС ӨРСӨХ ҮҮ
Улс төр ийнхүү өрнөж, МАН танхимынх нь хаалгыг гаднаас хаахаа “зарлаж” байхад АН-ынхан дуугүй хараад хүлээж суусангүй. Тэд ч бас дотроо төлөвлөгөө боловсруулж буй сураг байна. Тэр санаагаа зарим гишүүн нь чуулган, Байнгын хороон дээр болдог хэрүүлийн үеэр цухалзуулаад л байгаа. МАН-ын гишүүд хүртэл “АН-ынхан биднийг Засгийн газраасаа хөөгөөд эхэлсэн” хэмээн ярьж буй юм. УИХ энэ ондоо багтаад Сонгуулийн хуулийг өөрчлөн батална. Одоо тэдэнд өөрчлөлт хийхэд зургаан сарын хугацаа бий.
МАН-ынхан Засгийн газарт байхдаа хамтарч батлах нэг гол хууль нь энэ болно. Тавантолгой урагшилсан, эс урагшилсан Сонгуулийн хуулийг бол яаж ийж байгаад гараас гаргах дээр улстөрчид нам харгалзалгүйгээр эрх ашиг нэгдэж байгаа. Сонгуулийн тогтолцооны харьцаан дээр удтал маргасан талууд зөвшилцөлд хүрсэн гэнэ. Холимог тогтолцоо дотроо мажоритар хувилбар нь 16 тойрогтой байх бололтой.
Төслийг тун удахгүй УИХ-д өргөн барина. АН-ынхны хувьд одоо энэ хуульд илүү ач холбогдол өгч байгаа аж. Сонгуулийн хуулийг хэн хэндээ ашигтай байх дундын хувилбараар баталж аваад л АН-ынхан МАН-д “Баяртай” гэж хэлэхээр зэхжээ. Нэг ёсондоо хаягдаж байснаас түрүүлээд хаячихъя гэж буй юм билээ. АН ийм төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн учраас МАН хаалга хаах хугацаагаа наашлуулах уу, эсвэл хаягдах уу гэсэн сонголтын өмнө ирсэн байна. Ард түмний хувьд төр засаг тогтвортой байж, улс орны эдийн засаг, иргэдийнхээ амьдралыг өөд татах нь чухал. Түүнээс биш АН хаягдана уу, МАН хаяна уу энгийн иргэдэд ялгаа байхгүй. Адилхан л “олон ааштай” улстөрчид шүү дээ.
С.ТУУЛ