Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 941.500 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 56.500 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 15.5 хувиар буурсан ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 66 хувь, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговрын орлого 8.9 хувь, цалин 8.1 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ. Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 2015 оны эхний улиралд 861.400 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.600 мянган төгрөгөөр буурчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2015 оны эхний улиралд 963.300 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.800 төгрөгөөр өссөн байна. Зарлага нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.700 төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 62.900 төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 881.300 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 197 төгрөгөөр буурчээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлагыг бүлэглэн авч үзэхэд 300.000 төгрөгөөс доош орлоготой өрх нийт өрхийн 11.1 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 7.9 хувийг, 300.000-900.000 төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 47.8 хувийг, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.4 хувийг эзэлж байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 5.7 хувийг, мөн хэмжээний зарлагатай өрх 5.8 хувийг эзэлж буй гэнэ.