Дулаарсантай холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ багасаж буй. Гэхдээ өнгөрсөн сард азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 13 дугаар хороолол орчимд 29 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, I хороолол орчимд 11 удаа агаарын чанарын стандартаас давжээ. Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Толгойт орчимд 29, Амгаланд 28, Телевизэд 23 удаа стандартаас давсан байна. Тэгвэл 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 26, Толгойт болон Зурагт орчимд 25, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт орчимд 25, Телевиз орчимд 22 удаа, Нисэх орчимд есөн удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр өнгөрсөн сард Төв аймгийн Эрдэнэсант суманд 51 см зузаан цасан бүрхүүл тогтсон нь улсын хэмжээний дээд үзүүлэлт байв. Хамгийн их буюу 32.7 мм хур тунадас нийслэлийн Багануур дүүрэгт оржээ. Баянхонгор аймгийн Жинст суманд 33 градус халсан нь өнгөрсөн сарын дээд хэмжээ байв. Харин Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 29 градус хүрч хүйтэрсэн гэнэ. Говь-Алтай аймгийн Бугат суманд салхи 28 метр секунд хүрчээ. Аймгийн төв, нийслэлд агаарын дундаж хэм өнгөрсөн сард олон жилийн дунджаас 1.8 градусаар дулаан, өмнөх оны мөн үеэс 1.8 градусаар хүйтэн байжээ.