“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөтөлбөр энэ сарын 16-ны өдөр буюу бямба гарагаас эхлэн энэ оны ес дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болох ажээ.
Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой.

Монгол наадам цогцолборын орон ОНӨТҮГ-ын спорт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан “Монгол наадам цогцолбор гурван үе шаттай төлөвөгдсөн. 2020 он хүртэл үндэсний спортыг дэмжих чиглэлд хөгжүүлэх, мөн 2020-2030, 2030-2040 он хүртэл хийх ажлаа төлөвлөөд байна. Монгол наадам цогцолбор энэ сарын 16-нд “Эрүүл иргэн – Эко хөгжил” төслөөр нээлтээ хийх юм. Зургадугаар сарын нэгэнд Хүй дооон худагт хүүхдийн баяр болох гэж байсан ч улаан бурхан өвчний дэгдэлтээс болон цуцлагдсан. Ирэх наймдугаар сарын 8-нд даншиг наадам төсөл хэрэгжинэ. Есдүгээр сарын эхээр “summer night” тоглолт болохоор төлөвлөөд байна” гэж ярилаа.
Иргэд хөтөлбөр хэрэгжих хугацааны туршид амралтын өдрүүдэд Хүй долоон худагт очиж X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомны мини парк, ролк түрээсийн үйлчилгээ, дугуйн түрээсийн цэг, морин аяллын цэг, халуун хоол, цай, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах цэгээр үйлчлүүлэх боложтой бөгөөд мэдээллийн цэг, зохион байгуулалт, хамгаалалтын алба, байнгын сахиул ажиллах юм.
Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Манай холбоо өнгөрсөн жилээс тус хөтөлбөрт нэгдсэн. Энэ жил Хүй долоон худагт 10 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сүүлийн үед дугуйгаар хичээллэх хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн жил Хүй долоо худагт 2 км-ийн дугуйн зам гаргасан. Үүнийг энэ жил тохижуулж дуусна” гэлээ.
Нийслэлийн иргэдийг хөтөлбөрт идэвхитэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн бямба, ням гарагийн 11, 13 цагаас Улаанбаатар хотоос Хүй долоон худаг хүртэл нийтийн тээвэр явуулах бөгөөд Ялалтын талбайгаас - Саппорогийн автобусны буудал – 5 шарын автобусны буудал – Хүй долоон худаг гэсэн маршрутаар явна. Харин Хүй долоон худгаас – 5 шарын автобусны буудал – Саппоро автобусны буудал – Ялалтын талбай гэсэн маршрутаас 17, 18:30 цагуудад буцаж ирэх юм.
М.Болор