Улсын хэмжээнд гэмт хэргийн тоо өсчээ. Энэ оны эхний дөрвөн сард 10.451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1332-оор өссөн үзүүлэлт. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, аж ахуйн эсрэг зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлжээ. Сэжигтэн нь тодорхойгүй 5252 хэргийн 2875 буюу 54.7 хувийнх нь холбогдогчийг тогтоосноор гэмт хэрэг илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр өсөж, харин нийслэлийн хэмжээнд 0.7 пунктээр буурчээ.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувь, эмэгтэй хүн оролцсон нь 13.1 хувиар нэмэгдэж, харин бүлэглэсэн хэрэг 4.1 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10.000 хүнд ногдох гэмт хэргийн тоо энэ оны эхний дөрвөн сард улсын дунджаар 53 болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.8 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 3874 хүн гэмтэж, 406 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 545, нас барсан хүний тоо 54-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний дөрвөн сард 75.7 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 12 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс учирсан хохирлын хэмжээ 3.3 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 38.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 10.216 болсны 521 нь 18 хүртэлх насны хүүхэд, 3963 нь эмэгтэйчүүд аж.
Гэр бүлийн хүчирхийллээс болж 398 гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 61.8 хувиар өссөн үн аж.